April 06, 2008

Six Sigma ...

.....Өнгөрсөн IV/4-нд Эдийн Засгийн Сургуулийн Маркетинг, Олон улсын худалдааны тэнхмийн оюутны эрдэм шинжилгээний хурал болж өнгөрлөө. Уг эрдэм шинжилгээний хуралд тавигдсан нэгэн илтгэл (1 дүгээр байрт шалгарсан гэдгийг дурьдах нь зүйтэй байх) Монгол шуудан банкны үйл ажиллагаанд 6 сигмаг ашиглах талаар байсан нь загатнасан газар маажив гэгч нь л боллоо. Учир нь саяхан интернэтээс e-books үзэж байгаад "Six Sigma for Marketing Processes" гэсэн 2006 оны ном олж аваад ихэд сонирхон уншиж үзье гэж бодоод амжихгүй яваад байсан юм. Эхлээд 6 сигма гэдэг үгийг хараад маркетингийн хольц буюу 4Р гэдэг шиг ямар нэгэн үгнүүдийн товчлол ч юм уу нэг тиймэрхүү юм байгаа байх гэж бодож байтал бодсоноос маань арай өөр зүйл байж.
Үнэн хэрэг дээрээ сигма нь вариац болон стандарт хазайлтыг илэрхийлдэг статистикийн нэгэн тэмдгэлгээ гэдгийг бид мэднэ. Тухайлбал нэгжид тохиох согогийг илэрхийлдэг. Харин 6 гэдэг нь ямар нэгэн процесст тохиолдох стандарт хазайлтын тоо юм. Тэгэхээр "6 сигма" гэдэг нь ерөнхий утгаараа бүтээгдэхүүн, үйлчилгээний процесс дэх согогийг багасгах, зардлыг бууруулах загвар юм. Энэхүү ухагдахуун нь асуудлыг шийдвэрлэх процессоос эхэлдэг. Тэрхүү асуудал нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд бүтээгдэхүүн, үйлчилгээний процесс дахь үргүй зардал, хувьсамтгай байдал, согогийг арилгахад ерөнхийдөө чиглэж байдаг. Үүний тулд DMAIC ("duh-may-ick" гэж дуудагддаг) гэсэн 5 шатлалт аргыг ашигладаг байна. Энэ нь:
  1. Define буюу асуудлыг тодорхойлох
  2. Measure буюу асуудалтай холбоотой өгөгдлүүдийг цуглуулах, процессийг хэмжих
  3. Analyze буюу гол хувьсагчдын хоорондын нөлөөллийг тодорхойлох өгөгдлийг шинжлэх
  4. Improve буюу үйлчлүүлэгчийн шаардлагад нийцсэн үр дүнг бий болгох асуудлыг шийдвэрлэсний үндсэн дээр процессийг сайжруулах
  5. Control буюу дахин тухайн асуудал бий болох эсэхийг хянах. Хэрвээ тийм асуудал гарлаа гэхэд үүнийг шийдвэрлэж чадах маш сайн боловсруулсан хяналтын төлөвлөгөөтэй байх ёстой.
Үүнтэй адил нэлээд хэдэн аргууд байдаг. Илүү дэлгэрэнгүйг та эндээс үзэх боломжтой.
.....6 сигма хэмээх уг арга нь саяханы шинэ арга биш юм байна. Бидний сайн мэдэх Америкийн "Motorola" корпорацийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Bill Smith гэгч эр аль 1986 онд уг аргыг боловсруулсан байна. Motorola корпораци 6 сигмаг хэргэжүүлсэнээрээ зардлаа 13 тэр бум доллараар хэмнэж ажиллах хүчний бүтээмжээ 204%-иар өсгөж чадсан байна. Уг аргыг ганц Motorola хэргэжүүлээд зогссонгүй бусад томоохон компаниуд, тухайлбал IBM, DEC, Texas Instruments, GE, Allied Signal, Sumsung, LG Groups, Bank of America зэрэг байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаанд хэргэжүүлж гайхалтай үр дүнд хүрсэн байна.
Тэгэхээр Монголын компаниуд уг загварыг ашиглан үйл ажиллагаагаа сайжруулж хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгон ашгаа нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм.
..........

0 comments: