April 08, 2008

Аз жаргалын арван нууц

Саяхан "Аз жаргалын арван нууц" гэсэн номыг нэгэн найзаасаа авч уншсан юм. Тэрхүү номыг уншиж байхдаа зөвлөгөөнүүдийн талаар хийсэн тэмдэглэлээ та бүхэнд хүргэж байна. Хэрэг болж магадгүй бас тэр номыг унших шаардлагагүй ч болж магад. Хэ хэ.

Эх ном: Adam J.Jackson - "The Ten Secrets of Abundant Happiness", 1996, Harper Torch
Монгол орчуулга: Адам Жексон - "Аз жаргалын арван нууц", 2003, Урлах эрдэм хэвлэлийн газар


1 дэх нууц - Хандлагын хүч

  • Аз жаргал нь амьдралд хандах хандлага дээр тогтоно.
  • Сайн зүйл хүлээвэл голдуу түүнийгээ амсах болно.
  • Зөв талаас нь харж чадвал зовлон бэрхшээл бүрээс эерэг сайн тал олдоно.
  • Ямар ч хүнд бэрх, хямралтай үе тохиолдсон дараах гурван асуултыг өөрөөсөө асуу.
    • Энэ нөхцөл байдалд гайхамшигтай зүйл юу байна вэ, юу байж болох вэ?
    • Юу нь төгс биш байна вэ?
    • Энэ нөхцөл байдлаас таашаал авахаар нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд би юу хийж чадах вэ?
  • Гадаад нөхцөл байдал биш, миний бодол санаа л намайг зовоож, эсвэл аз жаргалтай болгож байдаг. Бодол санаагаа удирдсанаар би аз жаргалаа удирдана.
2 дахь нууц - Бие махбодын хүч
  • Биеийн тамирын дасгалууд нь сэтгэлийн хямралыг багасгаж, бидний биеийг таатай сайхан болгох химийн урвалуудыг идэвхижүүлнэ. Боломжтой өдөр бүр хамгийн багадаа 30 минут биеийн тамираар тогтмол хичээллэх хэрэгтэй.
  • Хооллолт бидний сэтгэл санаанд нөлөөлдөг. Кофе, цай, согтууруулах ундаа, чихэрлэг хүнсний зүйлс, хиймэл амтлагч зэргээс аль болох зайлсхийж жимс ногоо, үр тариа, шошийг ахиухан хэрэглэхийг хичээх хэрэгтэй.
  • Байгалийн гэрэл хангалтгүй байх нь сэтгэлийн хямрал, дарамттай байдалд хүргэнэ. Өдөрт нэг цагаас багагүй хугацааг гадаа агаарт өнгөрөөх хэрэгтэй.
3 дахь нууц - Хором, хоромоор амьдрахын хүч
  • Аз жаргал нь жил, сар, долоо хоногт, тэр байтугай өдөрт ч байдаггүй, харин хором бүрээс олж болно. Бид хором бүрээс сайн сайхныг олж чадсан тохиолдолд л амьдралаас сайн сайхныг олж чадна.
4 дэх нууц - Өөрийнхөө тухай зөвөөр төсөөлөхийн хүч
  • Хүн өөрийгөө хэн гэж бодно тийм л хүн байна.
  • Би өөртөө сэтгэл хангалуун биш байвал бүх амьдралдаа сэтгэл хангалуун биш байна гэсэн үг.
  • Хүн бүр өвөрмөц давтагдашгүй.
  • Бусад хүмүүс бидний толь, гэхдээ нөлөөтэй толинууд.
5 дахь нууц - Зорилгын хүч
  • Зорилго нь бидний амьдралд утга учир, агуулгыг бий болгодог.
  • Хэрэвээ бид зорилготой бол тэр нь зовлонгоос ангижрахад төдий бус, жаргал цэнгэлд хүрэх арга замд оюун санаагаа төвлөрүүлэхэд тусалж чадна.
  • Зорилго нь хүнд хэцүү үеийг туулахад амар болгож жаргалтай сайн цагийг улам таатай болгоно.
6 дахь нууц - Хошигнолын хүч
  • Хошигнол нь сэтгэлийн дарамтыг багасгаж аз жаргалын мэдрэмжийг би болгоно.
  • Инээд нь анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг.
  • Хямралыг давах хоёр алхамын томъёо.
    • Аар саар зүйл бүү санаа зов.
    • Амьдралын ихэнх хэсэг нь аар саар зүйлсээс бүрддэгийг сана.
7 дахь нууц - Өршөөн уучлахын хүч
  • Таньд үзэн ядалт, хорсол гомдол үлдсэн бол аз жаргалтай байх боломжгүй. Гомдол тээснээс болж танаас өөр хэн ч шаналахгүйг сана.
  • Алдаа эндэгдэл бүтэлгүй явдалууд нь амьдралын сургамж болно. Бусдыг уучил. Өөрийгөө уучил.
8 дахь нууц - Өглөгийн хүч
  • Эд юмсыг олж авсанаар, эзэмшсэнээр аз жаргалыг олохгүй. Аз жаргалын нууц нь бусадад өгөх, туслах чадварт оршино.
  • Бид бусадад хэдий их баяр баясгалан, аз жаргал өгнө өөрсдөө төдий хэмжээгээр олж авна гэсэн үг.
9 дэх нууц - Хамтын харилцааны хүч
  • Амьдралын чанар нь хүмүүстэй харьцах харьцааны чанараар тодорхойлогдоно.
  • Хүн бүрт бусад хүмүүс хэрэгтэй байдаг.
  • Дотно харьцаа нь сайн цагийг улам тааламжтай, хүнд бэрх цагийг арай хөнгөн болгодог.
  • Хэн нэгэнтэй харьцахдаа түүнтэй ахин хэзээ ч уулзахгүй мэт ханд.
10 дахь нууц - Итгэлийн хүч
  • Итгэл нь хүмүүст итгэх итгэлийг бий болгож, оюун ухааныг тайвшруулан, сэтгэлийн эргэлзээ, түгшүүр, уймрал, сандралаас чөлөөлнө.

2 comments:

Anonymous said...

neree ed 10 nuustiig urgelj sanaj yavhad yamar negen asuudlaas multrah yum shigee !

Anonymous said...

hooh. sanaj yavmaar zuil bna. bayarlalaa