July 14, 2008

МОНГОЛ, ХЯТАД УЛСЫН ХУДАЛДААНЫ ТҮҮХЭН ТОВЧ ХУРААНГУЙ: 1-р хэсэг

Хүннү болон түүний дараах улсуудын худалдаа


МЭӨ 176 оноос эхлэн Хүннү улс хүчирхэгжиж “Цагаан хэрэмнээс хойшхи нум барьсан улс Шаньюн цаазыг дагатугай. Цагаан хэрэмнээс урагш дээл малгайн улсыг би захирсугай” гэж Хан улсын хаан зарлиг буулгаж байжээ. Үүнээс гадна жил бүр Шаньюд алт, мөнгө, магнаг торго, тарай буудайгаар алба барих үүрэгтэй болж, гэрээгээр Хан улс Хүннү нарыг Хятадтай худалдаа арилжааны харилцаатай байхыг хүлээн зөвшөөрсөн байна. Хүннү улс газар нутгаа өргөжүүлэхийн хирээр худалдааны ашигтай зам өрнө дорныг холбосон алдарт Торгоны замыг эзэгнэн хөрш зэргэлдээ улсаасаа давуу эрхтэйгээр өөрийн мэдэлдээ байлгах болжээ.

Хүннү, Хятад хоёр улсын наймаа нь тухайн үедээ Хятадуудад ихээхэн ашигтай байсан байна. Хүннүчүүд шар будаа, арвай будаа, гимлай арвай тарьж таван хошуу мал маллан мал аж ахуйн түүхүү эд, арьс шир, ангийн үс, гар урлалын зүйлсийг Хятад болон Дундад Азийн зарим орнуудад арилжиж байжээ.

Хожим Сяньби нар түүхэнд аажимаар тодрон гарч Хятад болон бусад улстай бие даан худалдаа хийж эхэлсэн байна. Сяньбийн толгойлогч Кэбинэн 3000 хүний бүрэлдэхүүнтэй 70000 үхэр, адууг хил дээр туун аваачиж Хятадтай хилийн худалдаа хийж байжээ. Энэ үед Хятад улс Монголчуудыг зэвсэг үйлдвэрлэхээс болгоомжилж төмрийн худалдааг хатуу хориглож байсан бол хариуд нь Монголчууд Хятадын морин цэргийг ихсгэхгүйн тулд адуу арилжаалахыг зогсоож байжээ. (одооныхоор бол эмбарго)

Сяньби нарын дараа 330-550 жилийн түүхтэй Нирун улс гарч ирсэн ба тэдний үед Жужан хэмээх Монгол аймгийн гадаад харилцааны түүхэн баримтанд Жужан нар нь байлдахын хажуугаар түр найрамдаж, Вэй улсад арьс, ноос, түүхий эдийг гаргаж оронд нь цагаан будаа, нэхмэлийн зүйлс, чий будаг зэргийг Вэй улсаас авах замаар худалдаа эдийн засгийн харилцаагаа хөгжүүлж байсан нь Хятадын бусад хаант улсуудын дургүйцэлийг ихэд төрүүлж дайн байлдааны шалтаг болдог байсан гэдэг.

Жужааны дараа Түрэгүүд хүчирхэгжин гарч ирсэн ба тэд хөрш оронтой найрамдалт харилцаа тогтоож, гүнжүүдээ өөр хоорондоо өгч авалцан цусан төрлийн барилдлага үүсгэх зэргээр худалдааны тааламжит харилцаа тогтоож байв. Түрэгүүд анх удаа Төв Азид дуудлага үсэг зохиож хэрэглэж байсан нь тухайн үедээ худалдаа арилжаанд данс тооцоог хийхэд ахиц болжээ.

Хятадын түүхчид Монголчуудыг 588, 624, 730 онуудад маш том худалдааны зах үээл нээж байсан хэмээн бичсэн байдаг. Тэрчлэн Монгол баян худалдаачид Тан улсын нийслэл Чань-Ань болон бусад хотуудад сууж ихэд хөлжин хятадуудад мөнгө зээлдүүлэн хүүлдэг байсан ажээ. Энэ үед Түрэг, Хятадын худалдаа ихээхэн сэргэж хилийн захаа нээн арилжаа наймаагаа асар ихээр хийдэг байжээ.

Түрэгийн дараа Уйгарууд хүчирхэгжин улмаар Тан улстай хийх худалдааны эрхийг олж нэг агт бүрийг 40 хуй торгоор бодож жил бүр 100000 агт гаргаж 4000000 хуй торго авч байжээ. Баруун газрын торгоны замын нэг хэсгийг Түвдүүд эзэмших болсоноор баруун газрын худалдаачид Уйгарын эзэмшил торгоны замаар явахдаа үлэмж хэмжээний татвар төлж Хятадын нутагт очин худалдаа арилжаа хийдэг байсан байна.

Уйгарын дараах Киданы үед худалдаа арилжаа ихээхэн дэлгэрч худалдааны хуулийг гаргажээ. Аливаа худалдааг нэг нутаг аймгаас нөгөөд гаргах болон гадаад улсуудад бараа гаргахад гааль хураадаг байжээ. Гааль нь давс, архи, гадаадад гарах бараа таваарын арилжааных гэсэн 3 төрлөөр хураагддаг байж. Кидан гүрэнийг Сартуул, Персийн худалдааны арилжааны технологийг Хятадад түгээхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хэмээн үздэг байна.


(үргэлжлэл бий ...)

July 08, 2008

Олон Улсын Эрдэм Шинжилгээний Хурал Монголд ...

БНСУ-н Сөүл-АСЕМ Институт, Солонгосын Улс Төр, Дипломат Түүхийн Ассоциаци болон МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулиас хамтран зохион байгуулж буй “Глобалчлалын эрин, 21 дүгээр зууны Монгол Солонгосын хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотноо ирэх 9, 10-ны өдрүүдэд болох гэж байна. Тус эрдэм шинжилгээний хуралд Солонгос, Франц, Хятад, Орос зэрэг орны 30 орчим эрдэмтэн профессорууд ирж оролцох төдийгүй Монголын нэрт эрдэмтэд, академич, докторууд оролцоно.

Хэзээ: 2008 оны 7 сарын 9-нд 13:00 - 18:15 цаг

2008 оны 7 сарын 10-нд 09:00 - 15:30 цаг

Хаана: МУИС-ийн хичээлийн 5-р байр, 6 давхар, 605 тоот лекцийн танхим

July 05, 2008

Амьдралын НУУЦ ...

Дөнгөж саяа YouTube-s нэг баримтат кино олж үзлээ. Үнэхээр сонин санагдлаа. Энэ магадгүй урьд нь монголын аль нэг телевизээр гарч байсан бололтой, учир нь монгол хэл дээр орчуулгатай юм байна.
Энэ киног үзсэн чинь бүр бага байхад нэг сайн найз маань хэлж байсан үг санаанд орчихлоо. "Эмээ маань хэлэхдээ хүн толинд өөрийгөө харахдаа би хөөрхөн, миний нүд /өөр юу ч байсан болно/ үнэхээр хөөрхөн шүү гэж бодож байх хэрэгтэй гэж надад хэлсийн. Толинд харахдаа муухай бодол бодох хэрэггүй, гутарсан байхдаа, уйлж байхдаа, шаналж байхдаа толинд хараад хэрэггүй гэж хэлсэн" хэмээн найз маань надад ярьж байсан. Тэрхэн үедээ л аан гээд өнгөрч байснаас тэр тухай нээх бодолгүй өдийг хүрсэн байна. Харин энэ баримтат киног үзсэн чинь дээр үед сонсож байсан тэр зүйлтэй маань яг давхцах шиг. Мөн шири-шири /ингэж бичдэг билүү/-ийн Саран... хэн билээ тэрний "ээжүүд хүүхдүүдээ дандаа муу зүйлд, эсвэл азгүйтэлтэй учирахад нь нөлөөлж байдаг. Хүү минь унчих вий, тэр маань яаж байгаа бол, зүгээр л байгаа даа гэж үргэлж сэтгэл түгшиж байдаг нь яг тэр зүйл нь биелэхэд нөлөөлдөг" хэмээн ярьж байхыг зурагтаар сонсож байсан юм байна. Энэ бүхэн эцэстээ нэг л зүйл дээр давхцаад байх шиг...

Миний тайлбараас илүү киног нь үзвэл илүү сайн ойлгох байх гэж бодож байна.


Найруулагч: Drew Heriot
Продюссер: Rhonda Byrne, Paul Harrington
Продакшин: Prime Time Productions
Нээлт: 03/26/2006


Дэлгэрэнгүй мэдээллийг:
http://en.wikipedia.org/wiki/The_Secret_(2006_film)
http://www.thesecret.tv/




Юу ч гэсэн туршаад үз. Алдах юм байхгүй шүү дээ.

July 02, 2008

Дэндүү юм.

Жагсагчид арай дэндүү юм!

Ардчилал, эрх чөлөөг маань боогдуулж байна гэж үзсэн жагсагчид архи ууж, цагдаа нарыг зодон, байшин галдан шатааж байгаа нь эрх чөлөөгөө эдэлж байгаа хэрэг үү?

Уран зургийн галлерейг шатаасан байна. Бодвол тэнд нь МАХН-ын зураг байсан юм байлгүй. Замаар явж буй машинруу чулуу шидэж, зогсож байсан машиныг шатаасан байна. Бодвол тэр машин нь МАХН-ын гишүүнийх юм байлгүй.

Соёлын төврүү дайран орж юм эвдэж, Соёл эрдэмийн хувцас, хөгжимийг эвдэн, хулгайлсан байна. Бодвол Соёлын төвд Соёл эрдэм хамтлаг ХУ намыг удирдлагуудад зориулан хөгжим тоглодог юм байлгүй.

Тушаал аван үүргээ биелүүлж байгаа цагдаа нарыг тойрч зогсон чулуу шидэж, хашлагаар хатгаж байх юм. Тэд нар бүгд ХУ-ыг дэмжиж хамгаалж байна гэж бодсон юм байх даа.

Энгийн иргэдрүү чулуу шидэж, зодсон гэх юм. Тэд нар чинь ХУ-ын гишүүд юм байлгүй дээ. ХУ-ыг дэмжсэн нь эрх чөлөөгүй, дайсны цэрэг болчихсон юм байх даа.

Жагсаал зохион байгуулагчид, намын удирдлагууд арай дэндүү юм!

Тэмцэе, нэгдэе, жагсая гэж уриалсан удирдагчид нь үймээн болоход нь алга болчихсон байгаа нь жагсаал зохион байгуулж байгаа хэрэг үү? (магадгүй гэртээ зурагт хараад хэвтэж байсан хэрэг биз). Цуглаанд хүмүүсийг турхирсан, түлхсэн хүмүүс энэ зүйлийн хариуцлагыг өөрсдөө яг хүлээж харагдана ш дээ.

Өөрийн намын байр суурийг илэрхийлж жагсагчидад хариулт өгөх ёстой эсрэг намын дарга нь хэвлэлийн бага хурлаар иргэдээсээ, дэмжигчидээсээ өөрсдийгөө хамгаалахыг хүсэж, уриалсан нь иргэний дайн, мөргөлдөөнийг үүсгэж болзошгүй юм биш үү?

Төр засаг, цагдаа нар арай дэндүү юм!

Жагсаал цуглааныг тараах гэж буй цагдаа нар нь холоос резинэн сумаар нэг иргэнийг буудаж зогсож байгаа нь жагсаалыг тарааж байгаа нь уу? (Зарим хэвлэл, зурагтаар 20-д хүнийг байлдааны сумаар буудсан тэднээс 2 нь үхсэн гэж мэдээлсэн байна. Хэрэвээ ийм зүйл болсон бол юу гэж хэлэхээ огт мэдэхгүй байна)

Эв нэгдлийг илэрхийлэгч эрхэм Ерөнхийлөгч маань бүх зүйл болж өнгөрсөн хойно Онц байдал зарлаж байснаас эхлэхэд нь дараж болоогүй юм байхдаа? Нэг бодлын аргагүй биз дээ. 2 цагдаа голдоо нэг бамбаатай, дуулгатай. Нулимас асгаруулагч, ус шүршэгчийг зурагтаар л харж байсан болохоос биш өөрсдөд нь хангалттай байх юм биш.


За ингээд бичээд байвал зөндөө л юм байна. Бичихээс дургүй хүрчихлээ. Зэрлэгүүдийн оронд амьдарч байгаа юм шиг л байна. Манай улс эдийн засаг, эд материалын хомсдол орсон биш боловсрол, ёс зүйн асар том хомсдолд орчихсон юм байна.

Өөрөө жагсаж, удирдаж давхиагүй мөртлөө өрөөл бусдыг муулж байгаа би бас нэг бодлын дэндүү юм. Хуруу нэмээгүй байж хушуу нэмсэн намайг уучлаарай. Бухимдсан сэтгэлээ бусдад хуваалцах үүднээс л бичсэн юм шүү.

Нэмж хэлэхэд I LOVE NEW UB гэж хөдөлгөөний хог хаяггүй, боловсон байж, хотын иргэд болцгооё гэснийг ихэд дэмжин, удахгүй тийм болно гэж бодон явж байсан чинь өчигдөрийн үймээн самууныг харсан чинь биелэхэд их хэцүү юм шиг харагдлаа. Хог хаях нь битгий хэл байшин шатааж, чулуу шидэж, хүн зодож байгаа залуучууд ................. арай дэндүү юм.