April 30, 2008

Bleeding Love

.....Leona Lewis -ийн дуулсанаар хит болсон дуу болох Bleeding Love-ийг зохиогч нь уг дууг өөрөө дуулсан нэг хувилбар байна. Надад бол үнэхээр дажгүй санагдлаа. Гэхдээ 5 сарын 20-нд худалдаанд гарах өөрийнхөө цомогт энэхүү дуугаа дуулж оруулахгүй гэдгээ тэрээр мэдэгдсэн байна. Өөр нэгэн мэдээллийн эх үүсвэрээс үзэхэд шинэ цомогтоо Bonus Track-аар оруулж магадгүй гэсэн байна.
....."Bleeding Love" дууг залуу дуучин Jesse McCartney, One Republic хамтлагийн дуучин Ryan Tedder нар зохиосон юм байна.


April 23, 2008

Naruto ...

Төрөл: Тулаант, Адал явдал, Фантази
Comic ном
Зохиолч: Masashi Kishimoto

Хэвлэгдсэн орон: Япон, Америка, Канад, Герман, Норвеги, Швед, Недерланд, Малайз
Боть: 41 боть, 397 хэсэгтэй
Худалдаанд гарсан он: 1999
Анимешин кино
Найруулагч: Hayato Date
Студи: Studio Pierrot
Анги: 220


.....Энэ хүүхэлдэйн киноны нэг ч ангийг нь үзээгүй юм байна. Гэхдээ өнөөдөр нэг найзынхаа хүсэлтээр эхлэхэд нь явдаг дууг нь олж өгөх гэж жоохон судаллаа. Ямар ч их soundtrack-тай юм. Зөвхөн эхлэхэд нь явдаг арваад дуу, дуусахад нь явдаг тэр хэмжээний дуу, мөн дундуур нь явдаг түм буман дуу байдаг юм байна.
.....Энэ чинь их нэрд гарсан хүүхэлдэйн кино юм байна. International cartoon гэдгийг нь сая л мэдлээ. Миний санахад манайд TV5-аар гараад байдаг байсан байхаа. Ямар ч байсан хайсан 2 дуугаа олсон. Үнэхээр дажгүй дуунууд байна. Та нар ч бас сонсоод үзээрэй.

Эхний дуу нь: Hearts Grow - Yura Yura


Хоёр дахь нь: Ikimono Gakari - Blue bird


Хэрвээ таалагдаад, татаж авахыг хүсвэл доорхи линкээр татаад аваарай.
Эхнийхийг нь татах
Хоёрдахийг нь татах
Дууных нь үгийг comment-оор орууллаа.

The Lion King

Найруулагч: Roger Aller Rob Mincoff

Зохиолчид: Irene Mecchi Jonathan Roberts
Төрөл: Animation, Adventure, Comedy, Drama, Musical
Шагнал: 2 Оскар, Бусад 22 шагнал

Хүүхэд насандаа үзсэн хамгийн гоё хүүхэлдэйн киноны нэг маань яах аргагүй "Араатны хаан Арслан" байсан. Симба, Пумба, Тимон гээд л ... хүүхэд бүрийн сэтгэлд хүрч чадсан баатрууд. Тэднийг зүүдэлж, яриж, дуйраагаад л ... Лав манай 10 жилийн ангид Пумба гэдэг хочтой нэг охин, Тимон гэдэг хочтой нэг банди байсан юм. Манай ангийн хүүхдүүд шиг иймэрхүү хочтой хүмүүс нилээн байсан байх аа. Хэхэ. Энэ киног хүн болгон үзсэн юм чинь нээх их яриад хэрэггүй байх. Та бүхний хүүхэд насны сайхан дурсамжийг жаахан ч гэсэн сэргээх болов уу гэж дууг нь орууллаа.


"The Lion King" киноны soundtrack-г татаж авах хаяг нь үүн дээр байна лээ: www.xopom.com/modules/news/article_storyid_1559.html

April 22, 2008

Just so you know ...

.....Сүүлийн нэг сарын хугацаанд хамгийн их сонссон дуу маань Jesse McCartney-гийн "Just So You Know" гэдэг дуу. Анх YouTube-ээр олж сонссоноос хойш бараг сүлд дуугаа болгох шахсан. Дууных нь үг нь их таалагдсан. Ер нь дууны утгыг нь бодож сонсох нь илүү сайхан мэдрэмжийг төрүүлдэг юм шиг надад санагддаг юм.



Энэ дууны дахилтыг францаар дуулсан нь илүү гое болсон юм шиг санагдсан.



Хэрвээ энэ дуу танд таалагдаад татаж авахыг хүсэж байгаа бол татах линкийг нь comment-д оруулсан байгаа.

"Ногоон олимпын тоглолт" буюу "Green games"

.....Сүүлийн 10-аад жил байгаль орчны асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд зүй ёсоор байх ёстой асуудал болон хувираад байна. Үүний тод илрэл манай оронд ч, бидний өдөр тутмын амьдралд ч мэдрэгдсээр байгаа билээ. Өвлийн цагт өглөө эрт ажилдаа яваа хүн бүрийн, хичээлдээ яваа оюутан, сурагч бүрийн, цэцэрлэгрүүгээ дурамжхан нойрмог бас усан нүдлэн яваа бяцхан үрсийн нүд хорсом цагаан утаа, хоолой хорсгом нүүрсний утаа, хамар цоргим автомашины утаа, ер нь юм бүхэн шахуу байгаль дэлхийг бохирдуулаад зогсохгүй бидний эрүүл мэндийг асар ихээр хордуулж байгаа билээ.
.....Саяхан дэлхийн олон улсын нэгэн байгууллагын мэргэжилтэн Монголд ирж тодорхой хугацаагаар ажлаад буцахдаа уушигны хорт хавдартай болсон гэсэн явган яриа сонсоход хөгжилтэй ч гэмээр, эмгэнэлтэй ч гэмээр санагдаж байсан. Яагаад хөгжилтэй гэхээр тэрээр өглөө болгон эртлэн босож агаарт гүйн, биеийн тамирын дасгал хийдэг байж. Үнэхээр идэвхтэйгээр эрүүл мэнддээ тустай хэмээн дасгал хийж байсан хүн хийхгүй байснаасаа илүү хор хохирол амссан байна. Энэ яриа хэр зэрэг үнэний ортой эсэхийг мэдэхгүй ч хэрвээ үнэн бол бид ч мөн тэр хүний амьсгалсан агаараар амьсгалж байгаа шүү дээ.
.....Яг үүнтэй адил асуудал манай урд хөршийн толгойны өвчин болж эхэлжээ. Хятад улс "Зуны олимп"-ын наадмыг зохион байгуулахад атлеткийн тамирчдын зүгээс бяцхан хүндрэлтэй тулгараад байгаа юм. Энэ тухай энд гарсан мэдээлэлд дурьдсан байна. Тодруулбал:
.....
Хятад улс Бээжингийн Олимпыг "Green" үйл ажиллагаа болгоно х
эмээн амласандаа хүрэхийн тулд хэд хэдэн зорилтуудыг тавиад байгаа гэдгээ 2008/4/14-ны өдөр мэдэгджээ. Тэдгээр зорилтуудад нь барилга угсралтын ажлуудыг зогсоох, 3.3 сая авто машины хэрэглээг хориглох, үр ашиггүй нүүрсний зуухуудыг зогсоох, агаар болон хүрээлэн буй орчныг хамгийн ихээр бохирдуулагч аж үйлдвэрүүдийг зогсоох гэх мэт үйл ажиллагааг авч хэргэжүүлэхээр болсон байна. Хэдийгээр энэ нь үнэхээр сайн оролдлого хэдий ч Олимпын тоглолт болох хүртлэх 4 сарын хугацаанд төдийлөн өөрчлөлт үзүүлж чадахгүй болов уу хэмээн ихэнх хүмүүс үзэж байна. Хятадын озоны давхарга болон агаар мандал дахь элементийн хэмжээ ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн стандартаас даруй 5 дахин их байгаа нь Олимпийн тэмцээнд оролцох атлеткийн тамирчдын (амьсгалын замын эрхтэн системийг гэмтээнэ гэж) санааг зовоож байгаа юм. Марафон гүйлтийн дэлхийн рекордын эзэн Haile Gebrselassie өөрийн эрүүл мэндийхээ төлөө энэ жил тэмцээнд оролцохгүй гэдгээ нэгэнт мэдэгдээд байгаа. Нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл бээжинд ердөө 67 өдөр тэнгэр цэлмэг байсан байна. Гэхдээ сүүлийн 10 хоногт л өмнөх өдрүүдийг бодвол илүү олон цэлмэг өдөртэй байжээ.
.....Эндээс үзэхэд бид ч бас энэ тал дээр түлхүү анхаарах шаардлагатай болоод байна. Бид агаарын бохирдлын тухай асуудлыг ганцхан өвлийн улиралд л яриад байх шиг. Энэ асуудлыг жилийн бүх л улиралд анхааралдаа байлгах хэрэгтэй болов уу. Урьд нь бидний бичсэнчлэн социализмын үеийн зарим нийгмийн хөдөлмөр уг асуудлыг шийдвэрлэхэд багахан ч гэсэн хувь нэмрээ оруулах юм шиг санагдаж байна. Гагцхүү энэ бидний өөрсдийгөө гэсэн сэтгэлээс л шалтгаалах зүйл. Ногоон байгууламж бол агаарыг цэвэрлэх хамгийн энгийн өртөг багатай шүүлтүүр шүү дээ.

April 21, 2008

Кино Клуб

Өнөөдөр Амай-гын блогыг уншиж байгаад өөрийхөө блогтоо ч гэсэн кино клуб нээмээр санагдчихлаа. Найз нөхөдтэйгээ хааяа уулзаж суухдаа тэр ч кино гоё, тэр нь ч гоё гэж ярьж суух сайхан байдаг. Ингээд та бүхэнтэй бас movie talk хийж байя гэж бодоод нэг шинэ булан нээлээ. Энэхүү булаг нээх санаагаа Амай (http://amai.dot.mn/) - гийн блогыг уншиж байхдаа олсон юм чинь түүний хамгийн сүүлд бичсэн киногоор нээлтээ хийлээ.

Baraka

Найруулагч: Ron Fricke
Зохиогчид: Constantine Nicholas (treatment)
Төрөл: Баримтат
Хугацаа: 96 мин

Энэхүү кино нь миний үзсэн хамгийн сайн баримтат кино байх (яг баримтат кино мөн эсэхийг сайн мэдэхгүй байна). Ямар ч үг, тайлбаргүй дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа бидний огт мэддэггүй сонин зүйлүүдийг маш сайнаар гаргасан кино. Дээр нь дууг нь чангалаад хөгжим дотор нь ороод үзвэл ч ... бас л өөр мэдрэмж төрнө дөө. За за олон бичээд хэрэггүй байх аа. Үзээгүй хүн байвал олж заавал үзээрэй. Энэ удаа трайлер-ийг нь тавьлаа.

April 18, 2008

Социализм -> Ардчилал = Зарим доголдол

Миний хувьд Социалист нийгмийн сүүлийн жилүүд, Ардчилсан нийгмийн эхэн үед хүүхэд насаа өнгөрөөсөн нэгэн. Тийм болоод ч тэр үү Социалист нийгмийн талаарх мэдлэг маань тун бага, картын бараанд оочирлон зогсох, пионорын гастук зүүж алхах, хэдхэн төгрөгөөр под хийтэл цаддаг байснаас цааш нь мэдэхгүй ... Ид юм сурч мэдэх нас минь шилжилтийн үе буюу Ардчилсан нийгэмд шилжиж байсан тэр үе. Тиймээс ч Социалист, Коммунист нийгэм бол бүгдээрэй маш буруу зүйл Ардчилал бол ... гэсэн школоор хүмүүжсэн ...

Ардчилсан нийгэмд шилжсэнээр манай улс нэг алхам ургашилсан нь яах аргагүй үнэн. Гэхдээ
зарим зүйл дээр бол нилээд хэдэн алхам ухарсан юм шиг санагддаг юм. Ялангуяа хүмүүсийн маань нийгэмээ гэсэн сэтгэхүй ... Манай улс Социалист нийгэмд "Бүгдээрээ, Хамтдаа" гэсэн уриатай нилээн олон жил явж байсанаа Ардчилал гарч ирэнгүйт "Амь амиа бодоорой", "Хүн бүр хоорондоо өрсөлдөгч" гээд л бүх өөрчлөгдөн шинэ болгоноо магтан хуучнаа газарт ортол нь муулаад л

Өнөөдөр хүн бүр Улаанбаатар хотын ирээдүй бүрхэг байна. Төр засаг яагаад энэ утааг арилгах арга хэмжээ авахгүй байгаа юм бэ?, Утаанбаатар маань хаварын улирал Шороонбаатар болж байна ... гээд л. Дор дорноо, ам амаа мэдэн ярилцахаас өөр хийж байгаа зүйлгүй. Миний хүүхэд нас (нөгөө хэлээд байгаа Социалист нийгэмд) маш сайхан нийтийн үйл ажиллагаанууд зөндөө байсан юмдаг. Хүмүүсийг ч хамруулж чаддаг байсан юм. Одоо санах нээ хагас сайн өдөр болгон нийтийн суботниктой, айл болгон өөр өөрсдийн гэсэн мод тариж түүнийгээ маш сайхан ургуулна, хүүхэд болгон 9 сарын нэгэнд ангидаа заавал тасалгааны цэцэг барьж очих ёстой, өвөлдөө хүүхэд бүр өөрсдийн чадах зүйлээ малчидад явуулна (гараараа оёсон нэмнээ, шүдэнз, лаа гэх мэт).

Зах зээлд шилжингүүт эдгээр зүйлс маань бүгд алга болчихсон. Хаачсан юм мэдэхгүй ээ. Өнөөдөр лав айлын хаалга тогшоод суботникт гар гэвэл аягүй бол өөдөөс нь хэрэлдэж магадгүй бүр зодоод гаргах байх. 10 жилийн хүүхдийг ангидаа цэцэг авчир, малчидад тусламжийн зүйл бэлдэж байна хийж ир гэвэл магадгүй цагдаагийн газар мөнгө идсэн, залилан ч юмуу ямар нэгэн хэргээр багш нь дуудагдаж магадгүй болсон байна.

Энэ бүхэн Ардчилалын буруу юу? гэвэл мэдээж үгүй. Миний бодлоор хэт туйлширсан явдлаас үүдэлтэй эмчилгээ авах боломжтой нэгэн төрлийн өвчин л гэмээр байна. Гагцхүү хэрхэн яаж эдгэрэх вэ гэдгээ эмчийн гарт бүрэн даатгах бус хувь хувьдаа хичээн өөрөө өөрсдийгөө, өнөөгийн ниймэгээ л эмчилцгээе л гэмээр байна.

Би МАХН-ын гишүүн биш шүү. Бас аль нэгэн намын дэмжигч биш. Зүгээр л бодсоноо бичсэн нэгэн.

April 17, 2008

ДАЯРШЛЫН НӨЛӨӨ: 21-Р ЗУУНЫ ЯЛАГЧ БА ЯЛАГДАГЧ (Төгсгөлийн хэсэг)

.....Ойрын өдрүүдэд ажил ихтэй байгаа болохоор post бичих зав гарсангүй. Завгүй байхад өдөр хоног ямар ч хурдан өнгөрдөг юм. Нэг л мэдэхэд даваа гараг, нэг л мэдэхэд ням гарагийн орой болж байхын.
.....Өнөөдөр өнөөх урт удаан жилийн настай өгүүллэгийнхээ сүүлчийн хэсгийг нь бөөнд нь тавихаар шийдлээ. Эргээд уншаад үзсэн чинь найруулгын хувьд жоохон тиймэрхүү хэсгүүд нэлээдгүй ажиллагдлаа. Та бүхэн аргыг нь олоод уншина гэдэгт найдаж байна. Цаашид иймэрхүү алдаа гаргахгүйг хичээх болно.
.....Та бүхэнд эргэн сануулахад Массачусетсийн Технологийн Дээд Сургуулийн эдийн засаг, менежментийн багш Lesther Thurow-ийн бичсэн энэхүү өгүүллэг нь Аргентины “Худалдааны мэдээ” хэвлэлд нийтлэгдсэн юм.
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

...Хэдийгээр хуучин компани лидер болох боломжтой ч, энэ нь төдийлөн тохиолдоод байдаггүй.

Бүтээлч байдал нь амжилтын түлхүүр

15 жилийн өмнө би Аргентинд ирээд ингэж хэлсэн гэж бодъё: 2000 онд үүрэн телефоны хамгийн чухал үйлдвэрлэгч нь Финландаас гаралтай гэвэл та лав инээх байсан биз ээ. Та “Хойд туйлын иргэд үү?” ийм юм байж болохгүй. Гэсэн ч Nokia зах зээлд ихэнх хувийг эзэлж байна.

Хамгийн гол шаардлагуудын нэг нь бүтээлч байдал юм. Зарим инженерүүд уулзалдаад ийм дүгнэлтэнд хүрсэн байх: “Финланд бол мод тарихад тийм тааламжтай газар биш, бид хамгийн хойд хэсэгт байна. Бид модоо тайраад цаас хийдэг ч хамгийн сайн нь байж чадаагүй. Магадгүй бид харилцаа холбоонд сайн байж магадгүй”. Тэгээд тэд бизнес болгон хэрэгжүүлсэн байх. Хэрвээ Финланд хийж чадаж байвал хэн чадахгүй гэж? Энэ нь хэцүү ч тийм ч боломжгүй зүйл биш юм.

Даяарчлал, сайн уу муу юу?

1990-ээд онд гуравдагч орны сайн муугийн үе юу болсон бэ? Та тэр үед Хятадад амьдарч байсан бол (гуравдагч орны нийт хүн амын тал хувь) 90-д оны үе нь хамгийн тохиромжтой үе байх байв. Учир нь Хятадын жилийн өсөлт 8-10% өсөлттэй байсан. Хэдий тийм боловч энэ үе нь Африкийн Сахарын орнуудын хувьд сүйрлийн он жилүүд байв. Тэдгээр орнуудад нэг хүнд ноогдох орлого буурсан бөгөөд маш олон хүн ДОХ-оор нас барж байсан.

Даяарчлал нь таны хаана байгаагаас болон хаашаа харж байгаагаас шалтгаалан сөрөг болон эерэг талуудтай. Хятад нь давуу талыг олж харсан. Яагаад гэвэл тэд хаа нэг газар очиж угсрагдан бий болдог зүйлийн бүрдэл хэсгүүдийг бүтээхийг сурсан.

АНУ болон Канад хоёрын баян хоосны ялгаа улам бүр ихэссээр байна. Баян улс байхаас гадна Канад нь бид яагаад баян байж чадахгүй байна вэ гэж бодох болно.

Францад даяарчлал эсэргүүцэлтэй тулгарсан. McDonalds өөрийн салбараа Францад байгуулахад хэн ч хамбургер иднэ гэж бодоогүй байх. Бүх лицензүүд нь нэг хүний гарт байв. Харин Францчууд McDonalds-д дуртай байсан ба асуудлын гол нь тэр лицензийг эзэмшигчдийнх нь гараас яаж авах вэ гэдэг асуудал байлаа.

McDonalds дэлхий дээрх хамгийн сайн хамбургер хийдэг гэж хэдэн хүн боддог вэ? (хэн ч биш) Энэ нь хамбургерийн хүчтэйд биш зөвхөн түргэн хоолны хүчтэйд байгаа юм. Францчууд түргэн өдрийн хоолыг хүссэн бөгөөд өдрийн цайны цагийг ашиглаж чадсан. Даяарчлалын энэ билэг тэмдгийг Францчууд худалдан авах дуртай байна.

Өөр нэгэн жишээ: Өнгөрсөн жилийн хамгийн амжилттай 10 киноны 9 нь Америкийн кино харин нэг нь Италийн кино байлаа. Миний мэдэхээр Франц иргэд Франц кино үзэхийг хориглосон зүйл байхгүй. Америкууд Француудын дуртай стилээр кино хийхдээ Француудаас илүү авъяаслаг. Энэ нь Францчуудын хэлснээр “Америкийн соёлын аюултай дайралт” ба асуудлын гол нь тэд үүнийг зогсоож чадахгүйд байна. Энэ нь Америкийн соёлын дайралт биш бөгөөд харин хэсэг Францчууд McDonalds-н соёл болон киноны соёлд оролцохыг хүссэн явдал юм.

Амжилт бол бурханаас шалтгаалахгүй

Хэдэн жилийн өмнө үржил шимтэй газар бол чухал байлаа. Харин бид бүх зүйл хүний оролцооноос шалтгаалах эрин үед амьдарч байна. Nokia нь хойд зүгийн хүйтэн жижиг улс болох Финляандаас үүдэлтэй болно гэж хэнч урьдчилж хэлж чадаагүй. Ямарч телефон утас зарах давуу тал байгаагүй, харин бүлэг хүмүүс санаагаа нэгтгээд “телефон зарах өрсөлдөөнт давуу талыг бий болгоё” гэж ярилцсан. Үүнтэй адил зүйл Силликон хөндийд бий болсон. Асуудлуудын нэг нь юуг хийж болох, юуг болохгүйг хэлэх нь тийм ч амар биш. Питсбург яагаад төмөр үйлдвэрлэх болсныг мэдэхэд амархан, мөрөн ба түүхий эдийг харах боломжтой. Харин Силликон хөндийд ямар ч тайлбар байхгүй, бурханы бүтээсэн биш хүний бүтээсэн зүйл.

Эцэст нь биотехнологи нь энэ үеийн хувьсгал юм. Маш өндөр IQ-тэй хүнийг бүтээх нь удахгүй бөгөөд тэдгээр нь загвар өмсөгчийн биетэй, эцэг эхийн чанартай, сагсан бөмбөгчний өндөртэй байх болно.

Өөр нэгэн жишээ: Жүүдүүд гахайг заваан амьтан гэж үздэг учраас гахайн мах иддэггүй. Арван хоёр сарын дотор, гахайн зүрхийг хүнд шилжүүлэн суулгана. Өнгөрсөн жилд гэхэд л 1000 гаруй зүрхээ хүлээж буй өвчтөнд ердөө 12 зүрх л байсан. Зарим хүмүүс гахай бол заваан амьтан, бид гахайг иддэггүй гэж боддог. Гэвч тэдний амьдралыг аварч байхад тэд юу гэж үгүйсгэх бол? Энэ бол хувьсал, шашинд гарч буй өөрчлөлт юм.

April 16, 2008

Монгол маягийн реклам

Phillip Kotler "Marketing Insights from A to Z"
гэсэн номыг уншиж байгаад төрсөн сэтгэдлээс:

Өнөөдөр бидний амьдрал ямар нэгэн байдлаар зар сурталчилгаатай холбоотой байдаг бөгөөд зарим зар сурталчилгаанд хүмүүс дуртай байхад харин заримд нь дургүй байдаг. Миний хувьд хошин байдалтай мөн уран сэтгэмжтэй хийгдсэн зар сурталчилгаанууд их таалагддаг. Яг одоо ч гэсэн нэгэн зар сурталчилгааны ая хөгжимүүд нь толгойд жингэнээд, элэг хөшөөм үйл явдлууд нь нүдэнд харагдсаар байна. Гэхдээ хүмүүст ихэнхи зар сурталчилгаа таалагддаггүй буюу хүрч чаддаггүй л болов уу. Зарим рекламууд нь бүр дургуй хүргээд ч зогсохгүй, уурыг минь хүргэж чаддаг.

Тэгвэл хэрхэн хүмүүст таалагдхаар реклам хийх вэ гэдэг нь ихээхэн том асуудал болж таарна. "Шилдэг рекламууд нь зөвхөн бүтээлч бус байдаг. Дан ганц бүтээлч байдал нь хангалттай бус. Зар сурталчилгаа нь урлаг талдаа маш ойрхон, бодитой байх ёстой" ч гэсэн байх юм. Мөн түүнчлэн Doyle, Dane & Bernbach – ийн ерөнхийлөгч William Bernbach: “Бодит байдал нь хангалттай бус байдаг . . . Shakespeare хүртэл гайхалтай жүжгийн хэсгийг улиг болтол нь бичиж байж амжилтанд гарсныг битгий мартаарай” гэжээ. Үүнийг батлах зүйл ч зөндөө байх юм.

Шилдэг рекламууд нь хэзээ ч хүний сэтгэл санаанаас гарахгүй байхын тулд улиг болтлоо цацагдаж, хүмүүс түүнээс залхахдаа заавал тэр бүтээгдэхүүнийг хэрэглэж үздэг байна. Coco – Cola компани хүртэл “The Real Thing”, “Coke It is”, “I’d Like to Teach the World to Sing” гэж үргэлж рекламдсаар л байгаад амжилтанд хүрсэн байдаг юм байна. Зар сурталчилгаагаар залхааж хэрэглэгчдийн тэсвэрийг алдагдуулах нь амжилт олох боломж өгдөг байна.

Энэ бүгдээс үндэслээд энд тэндээс уншиж байхад реклам, зар сурталчилгаа өнөөдөр урлаг болтлоо хөгжсөн нь харагдаж байна. Тэгвэл энэхүү урлаг маань манай улсад хэр нэвтэрч байгаа талаар өөрийн бодож буйгаа бичээд үзээдхий.

Манай TV-гээр явж байгаа рекламуудыг харахад доорхи маягаар ангилж болох юм шиг ээ.
  1. Гадаадын рекламыг шууд явуулж буй
  2. Гадаадын рекламыг шууд хуулж буй
  3. Монгол маягын буюу хүүрнэсэн
Ерөнхийдөө ажиглаад байхад иймэрхүү маягаар хувааж болох байх аа.
  • Гадаадын рекламыг шууд явуулж буй
Энэ бол мэдээж бүх газарт байдаг жишээ. Дугуйг шинээр зохиох хэрэггүй гэдэг биз дээ. Түүнтэй адилхан дэлхийд түгсэн алдартай рекламыг Монголдоо гаргах нь зөв л алхам. Гэхдээ үүн дээр анхаарах зүйл нилээд байгаа байх аа. Тухайн газар орон бүр өөр өөрсдийн гэсэн онцлогтой байдаг. Жишээлбэл нэг цоо шинэ жип машин хад асгатай уулан дээгүүр цагт 100 км.цагийн хурдтай давхиж байна гээд бодоод үзье. Хүн бүр л ямар гоё, тэгээд энэ хадан дээгүүр ямар сайн давхидаг машин бэ гэж бодох байх. Гэхдээ нэг ч уул хад байхгүй, 100 км.цаг давхих шаардлаггүй хотод (жишээлбэл Сингапурт) энэ сурталчилгааг явуулаад ямар ч хэрэг болохгүй л болов уу. Тиймээс тухайн газрын орчинг сайтар судлаж байж явуулах нь дээр байх.
  • Гадаадын рекламыг шууд хуулж буй
Дээрхи төрөлтэй нэг их ялгараад байх зүйлгүй. Ганцхан л Монгол хүнийг тухай рекламд тоглуулах нь Монголчуудад хүрэхэд арай ой байж болох юм. Гэхдээ ингэж хуулж хийж байгаад улам муухай болгочихож магадгүй л байх. Тухайн рекламыг хийж байгаа багийн ур чадвараас ихээхэн хамрах байх. Жишээлбэл миний хувьд Орос дээр гардаг TIDE-ийн рекламыг (Айлын хаалга тогшоод юмыг нь угааж өгдөг. Тэгээд өөр угаалгын нунтагтай харьцуулдаг) Монголд буулгахад арай л онцгүй болсон юм шиг. Хамгийн гол зураг авалт хийж буй орчин нь нэг л жаахан тийм. Арай л бараан. Хэхэ.
  • Монгол маягын буюу хүүрнэсэн
Монгол маягийн буюу хүүрнэсэн гэдэг нь гадаад рекламууд дээр тэр болгон гараад байдаггүй л шинэ л хэлбэр болов уу. "За сумын төвөөр юу байна даа ... бла бла бла Дугуй булант гөө мөн сайхан цай шүү", "За дүнжингарав худалдааны төв хаана вэ? ...... Манай Дүнжингарав ч ..." гээд л дандаа хоорондоо нээх удаан ярилцсан. Магадгүй манай Монгол ард түмэн хэл зүйн асар баялаг өвтэй улс бөгөөд түүнээс шалтгаалсан байх. Жишээлбэл хоёр хүн хоорондоо мэндлэхдээ хэдэн янзаар мэндэлж болох байх. Улирал болгон тусдаа мэндчилгээтэй "Даага далантай, бяруу булчинтай ...", "Тарган сайхан хаваржиж байна уу", мөн эрхэлж буй ажил хөдөлмөртэй холбоотой "Аян зам өлзийтэй сайн уу", "Ургац арвин уу" гээд л ... Эсвэл хэлний энэ өв баялагаас бус Монголчуудын маань мэдээлэл олж авах чадвар сул байгаа учир заавал сайн тайлбарлаж өгч тухайн бараагаа сурталчилдаг байх. Манай нэг найз нөгөө дугуй булант цайны маркетингийн менежер хийж байхаар би ийм мангар реклам яагаад хийгээд байдаг юм гэхэд найз маань "Нөгөө хөдөөний хүмүүс маань гоё чамин гэхээсээ бүгдийг ярьж өгсөн рекламанд илүү автдаг. Тэдэнд мэдээлэл тун хомс болохлоор өөрсдийнхөө бүхий л зүйлийг ярьж өгдөг юм. Тэглээ ч энэ рекламыг явуулаад борлуулалт суга өсдөг. Харин өрсөлдөгч маань өөр нэг реклам хийхэд борлуулалт навс унадаг юм. Тиймээс дахиад л нөгөө рекламаа явуулах хэрэг гардаг" гэж билээ. Ингээд бодоход энэ Монгол маягийн хүүрнэсэн реклам нь манай нөхцөлд тохирсон ч юм шиг.

За за ингээд замбраагүй бичсэн бодлоо дуугая. Үр дүнд хүрэхийг зорьсонгүй. Өөр өөр талаас нь бичих гэж оролдлоо.

April 14, 2008

Ken Leee tulibu dibu douchoo ...

....."Болгарын шүтээн" нэвтрүүлгийн нэгэн оролцогч өөрийн өвөрмөц хэлээр (уул нь Англи хэл) дуулсан дуугаараа их нэрд гарчээ. Энийг үзээд савж унтлаа инээлээ. Хамгийн сүүлд нь шүүгчийн асуусан асуултанд торох ч үгүй АНГЛИ гэж хариулж байгаа нь үнэхээр марзан юм.
.....Багадаа BSB-ийн дуунуудыг сонсголоороо дагаад дуулахдаа ингэж л дуулдаг байсан байхдаа, хэ хэ хэ. Тэр үед ойр хавьд маань англи хэл мэддэг хүн байгаагүй нь аз юм даа :D


ДАЯРШЛЫН НӨЛӨӨ: 21-Р ЗУУНЫ ЯЛАГЧ БА ЯЛАГДАГЧ (2-р хэсэг)

... Санхүүгийн гарц шинэ эдийн засагт маш чухал. Хэрвээ би засгийн газртаа төлбөр төлөхийг хүсэхгүй бол би үүнээс гарах арга замыг хайх хэрэгтэй.

Бүтээхийн тулд устгадаг

Бид Америкт 1920 онд байна гэж төсөөлье. 100 гаруй автомашин үйлдвэрлэгч компани байна гэж үзье. 1950 он гэхэд Форд, Женерал Моторс, Крайслар гэсэн гурван компани байна. Хэрвээ та эдгээр гурван пүүсийг 1920 онд худалдан авсан бол маш ашигтай наймаа байх байлаа. Хэрвээ бусдыг нь худалдан авсан бол та мөнгөө алдах байлаа. Ямар ч үйлдэрлэлд 100 үйлдвэрлэгчийн 97 нь мөнгөө алддаг. Тиймээс та гурван томыг нь сонгож чадвал маш баян болж чадах магадлалтай юм.

Би өөрийгөө Мосес гэж бодоод компютерын эрин үе 1981 онд бурхантай ярьж байна гэж бодъё. Тэгээд бурхан: “Lesther, 1999 онд 140 сая компьютер дэлхий даяар зарагдана (яг төдий хэмжээний компьютер зарагдсан)” гэж хэлсэн байг. Тэгвэл би юу хийх байсан бэ? Тухайн үеийн лидер байсан Комодорелуу очин түүнийг худалдан авах байсан уу? Гэвч 13 жилийн дараа уг компани зах зээлээс гарсан байна. Ялагч нь Microsoft байсан ба 1981 он гэхэд энэ компани байгаагүй байна.

Эхэндээ хэн нь ялагч вэ гэдгийг тодорхойлоход хэцүү байдаг. Мэдээжээр нэг нь байж л таарна. Энэ хувьсалын нэг онцлог нь энэ бүхэн бараг бүх компанид тохиолддог. Аливаа компани нь 2 сонголттой байдаг: компани нэгдэж глобал тоглогч болдог, эсвэл тохирсон тоглогч нар ямарч жижиг зүйлийг хийхэд хамгийн сайн нь байдаг. Харин дунд хэмжээний үйлдвэрлэгчид энэ зай олдоггүй, эдгээр нь зах зээлээс гардаг байна. Жишээ нь: авто машины үйлдвэрлэлд хүн бүхэн 15 жилийн дотор 6-8 компани дэлхий дээр байна гэж үздэг. Бид эдгээрийн дөрвийг хэдий нь мэдэж байна: Форд, Женерал моторс, Волксваген, Тоёото. Бусад нь аль компани вэ? Хэн хараахан мэдэж амжаагүй байна. Яагаад гэвэл Renault Nissan-г худалдан авах, эсвэл Fiat-г Женерал моторс худалдан авч болно. Fiat 2 сая орчим машин үйлдвэрлэдэг ба энэ тоо нь тухайн зах зээлд өрсөлдөхүйц хэмжээний биш байна.

Дундаж хэмжээний банк хаалгаа барих хэрэгтэй болох нь. 50, 60, 70-иад онуудад нэг тийш чиглэлтэй байв. Ядуу улсууд баян улсыг барааддаг. 90-д онуудад энэ чиг нь хазайж эхэлсэн. Баян орнууд болон ядуу орнуудын ялгаа 2000 гэхэд 1990 оноос их болсон. Жишээ нь: Америкчууд үргэлж Канадуудаас баян байсан. Харин энэ зөрүү 10 жилийн өмнөхөөс бүр илүү болсон байна.

Хэрвээ улс орон сайн сайхан амжилттай явахыг хүсвэл томоохон компанитай байхыг зорих ба тэгш бус цалингийн системийг хүсэхгүй нь мэдээж учраас эдгээр улсууд нь хамгийн түрүүнд боловсрол дээр анхаарах хэрэгтэй болдог. Тиймээс боловсролд мөнгө зарах хэрэгтэй. Хөгжингүй улсуудын хувьд Хятад гэдэг нэгэн асуудал байдаг. Учир нь тэнд 1.3 тэр бум өндөр боловсролтой хүмүүс бий. Латин Америкт хамгийн сайн боловсролтой нь Кастрогийн Куба улс юм. Эх газрын Хятад боловсролын стратегитэй ба энэ нь өндөр боловсролын түвшин ба хамгийн бага хөлстэй том өрсөлдөгч юм. Арван жилийн боловролтой хүн сарын 28 долларын хөлстэйгээр сарын 30 хоног, өдрийн 12 цагаар ажиллаж байна. Энэ бол өрсөлдөөн. Мэдээжээр хэн ч энэ тоглоомоор тоглохыг хүсэхгүй ба цорын ганц арга нь сайн боловсрол эзэмших юм.

Нөгөө талаар Бразилд гэхэд 16-18 насны хүмүүс сургуульд явдаггүй. Дэлхий дээрхи олон хүмүүс глобал эдийн засагт хамааралтай байж чаддаггүй. Хэрвээ тэд боловсролгүй ба дэд бүтэцгүй газар амьдарвал тэдгээр хүмүүс гадна үлдэх болно. АФрикийн Сахарын хавийн улсууд энэ замаар явж байна. Тэд захад үлдэх биш бүр хаяагдана гэсэн үг.

Боловсролын дараа дэд бүтэц ирдэг. Энэ үндэстэнд холбоо харилцааны систем, тээвэр, цахилгаан эрчим хүч зэрэг компаниуд хэрэгтэй анхан шатны дэд бүтцээр хангаж чадах уу? Тэдэнд явах өөр газар байгаа. АНУ хэрэгтэй компани дэлхий дээр байхгүй, Аргентин хэрэгтэй нэг ч хүн байхгүй.

Судалгаа шинжилгээнд хөрөнгө оруулалт хийгдэж байна уу? Үйлдвэрлэлийн хувьсгалд хэд хэдэн чухал онцлог болох нийгмийн асуудлууд байдаг. Хамгийн эхнийх нь хуучин пүүсийг татан буулгах энэ нь бүх улсын хувьд хэцүү байдаг. Энэ нь “устган бүтээгч” үйл явц бөгөөд ерөнхийдөө аливаа бүтээн байгуулалтын өмнө устгал явагддаг. Жишээ нь: AT&T компани 1988 онд шүүхээр орох үедээ 1 сая ажилтантай байв. Гурван жилийн дараа үйл ажиллагаа нь амжиллтай явц байгаа энэ компани хагас сая ажилтантай байлаа. 500.000 хүн ажилгүй болжээ. Харин энэ нь шинээр байгуулагдсан компанид хагас сая хүнээс илүү ажилтан авах шаардлага гарч байдаг. Эргээд нийт ажил олголт саяаас илүү болж байна. Энэ үйл явц нь Германд тохирохгүй. Deutche Telefone компаи нь хувьчлагдаж бас төрийн зохицуулалт хийж болохгүй, яагаад гэвэл ажилчидын хагасыг нь халах хэрэгтэй болох бөгөөд шинээр холбооны компани байгуулагдахгүй. 90-д оны үеэр орлого олж буй Америкийн компаниуд жил тутам 600000-800000 хүнийг ажлаас халдаг байв. Шинээр байгуулагдсан 10 компани тутмын 9 нь таван жилийн дотор дампуурдаг байна. Хаагдсан 9 компанид ажиллаж байсан хүмүүс яадаг вэ? Америкт хүн бүр “Тэр бол санаачлагатай, ажилсаг хүн. Тэр бас туршлагатай. Түүнийг ажилд авъя” хэмээн хэлдэг. Харин Францад энэ байдал тэс өөр. Хэрвээ би бизнес эхлээд бүтэлгүйтээд дампуурсан бол миний духан дээр “Азгүйтэл” гэсэн бичгийг наадаг ба дахин ажил хийхэд тун хэцүү болдог. Францад бизнес эхлэх нь АНУ-д бизнес эхлэхээс хамаагүй эрсдэлтэй. АНУ-д нэгэн хэлц үг байдаг: “уналт бол урагшлалт”. Би 10 компаний хаагдсан 9-т ажилласан ба харин би их туршлага хуримтлуулсан. Энэ нь арай дээгүүр ажилд орох боломжтой гэсэн үг. Гэхдээ л сэтгэлзүйн уналт бол хэцүү.

Хэдийгээр хуучин компани лидер болох боломжтой ч, энэ нь төдийлөн тохиолдоод байдаггүй.


(Үргэлжлэл бий ...)

April 08, 2008

Why Men Don't Listen & Woman Can't Read Maps

Ийм нэртэй нэгэн номыг (Why Men Don't Listen & Woman Can't Read Maps - Allan & Barbara Pease) хаанаас ч юм олсон юм. Уншихгүй нилээн байж байгаад уншсан чинь их гоё (хөгжилтэй үнэн ...) ном байна. Уг нь уншиж дуусаад пост үлдээе гэж бодсон боловч бичмээр санагдаад болдоггүй. Тиймээс энэ номны зарим хэсгээс, сонирхолтой зурагнуудыг орууллаа. Ерөнхийдөө энэ номонд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын ялгааны талаар өгүүлнэ.
..."Зарим зүйл бол илэрхий байдаг". Жишээлбэл эрэгтэй хүн 00-ын өрөөнд орохдоо нэг л зорилготой ордог бөгөөд түүнийгээ л биелүүлдэг. Харин эмэгтэй хүний хувьд 00-ын өрөөг нийтийн биеэ засах (засварлах, янзлах) өрөө гэж үздэг. Эмэгтэй хүмүүс 00-д танихгүй хүнтэйгээ хэзээний дотно найзууд шиг яриа өрнүүлж чаддаг. Харин эрэгтэй, эмэгтэй хүмүүс цуг сууж байхад нэг залуу босоод "Хөөе Франк хоёулаа 00-ын өрөө цуг ороодхий" гэж хэлвэл хүн болгон маш их гайхна ...
... "Эмэгтэйчүүд эрчүүдийн талаар" хүн сонсдоггүй, мэдрэмжгүй, хүнтэй дулаан харьцаж чаддаггүй, энэрэнгүй байж чаддаггүй, яриа муутай, хайр халамж муу, хүн гүэзгий харилцаа тогтоодоггүй, хайр сэтгэлээсээ сексийн илүүд үздэг ...
... "Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн талаар" машин барихдаа муу, гудамжны хаяг хардаггүй, газрын зураг уншаад толгой нь эргэдэг, гол юмаа ярихгүй хэтэрхий их зүйл ярьдаг, секс хийе гэж хэзээ ч санаачилдаггүй ...
Мөн түүнчлэн: Эрчүүд эмэгтэй хүнийг яаж юм сайн олдог талаар, мөн 50 метрийн цаана хэвтэж буй оймсны толбыг хэрхэн олж хардагыг гайхдаг. Харин эмэгтэйчүүд эрчүүд машинаа ухрааж байрлуулахдаа маш жижигхэн толинд харж байгаад яг зэргэлдээ машинтай праллель зогсоож чаддаг мөртлөө G-spot яагаад хэзээ ч олж чаддаггүйг гайхдаг байна.



Аз жаргалын арван нууц

Саяхан "Аз жаргалын арван нууц" гэсэн номыг нэгэн найзаасаа авч уншсан юм. Тэрхүү номыг уншиж байхдаа зөвлөгөөнүүдийн талаар хийсэн тэмдэглэлээ та бүхэнд хүргэж байна. Хэрэг болж магадгүй бас тэр номыг унших шаардлагагүй ч болж магад. Хэ хэ.

Эх ном: Adam J.Jackson - "The Ten Secrets of Abundant Happiness", 1996, Harper Torch
Монгол орчуулга: Адам Жексон - "Аз жаргалын арван нууц", 2003, Урлах эрдэм хэвлэлийн газар


1 дэх нууц - Хандлагын хүч

  • Аз жаргал нь амьдралд хандах хандлага дээр тогтоно.
  • Сайн зүйл хүлээвэл голдуу түүнийгээ амсах болно.
  • Зөв талаас нь харж чадвал зовлон бэрхшээл бүрээс эерэг сайн тал олдоно.
  • Ямар ч хүнд бэрх, хямралтай үе тохиолдсон дараах гурван асуултыг өөрөөсөө асуу.
    • Энэ нөхцөл байдалд гайхамшигтай зүйл юу байна вэ, юу байж болох вэ?
    • Юу нь төгс биш байна вэ?
    • Энэ нөхцөл байдлаас таашаал авахаар нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд би юу хийж чадах вэ?
  • Гадаад нөхцөл байдал биш, миний бодол санаа л намайг зовоож, эсвэл аз жаргалтай болгож байдаг. Бодол санаагаа удирдсанаар би аз жаргалаа удирдана.
2 дахь нууц - Бие махбодын хүч
  • Биеийн тамирын дасгалууд нь сэтгэлийн хямралыг багасгаж, бидний биеийг таатай сайхан болгох химийн урвалуудыг идэвхижүүлнэ. Боломжтой өдөр бүр хамгийн багадаа 30 минут биеийн тамираар тогтмол хичээллэх хэрэгтэй.
  • Хооллолт бидний сэтгэл санаанд нөлөөлдөг. Кофе, цай, согтууруулах ундаа, чихэрлэг хүнсний зүйлс, хиймэл амтлагч зэргээс аль болох зайлсхийж жимс ногоо, үр тариа, шошийг ахиухан хэрэглэхийг хичээх хэрэгтэй.
  • Байгалийн гэрэл хангалтгүй байх нь сэтгэлийн хямрал, дарамттай байдалд хүргэнэ. Өдөрт нэг цагаас багагүй хугацааг гадаа агаарт өнгөрөөх хэрэгтэй.
3 дахь нууц - Хором, хоромоор амьдрахын хүч
  • Аз жаргал нь жил, сар, долоо хоногт, тэр байтугай өдөрт ч байдаггүй, харин хором бүрээс олж болно. Бид хором бүрээс сайн сайхныг олж чадсан тохиолдолд л амьдралаас сайн сайхныг олж чадна.
4 дэх нууц - Өөрийнхөө тухай зөвөөр төсөөлөхийн хүч
  • Хүн өөрийгөө хэн гэж бодно тийм л хүн байна.
  • Би өөртөө сэтгэл хангалуун биш байвал бүх амьдралдаа сэтгэл хангалуун биш байна гэсэн үг.
  • Хүн бүр өвөрмөц давтагдашгүй.
  • Бусад хүмүүс бидний толь, гэхдээ нөлөөтэй толинууд.
5 дахь нууц - Зорилгын хүч
  • Зорилго нь бидний амьдралд утга учир, агуулгыг бий болгодог.
  • Хэрэвээ бид зорилготой бол тэр нь зовлонгоос ангижрахад төдий бус, жаргал цэнгэлд хүрэх арга замд оюун санаагаа төвлөрүүлэхэд тусалж чадна.
  • Зорилго нь хүнд хэцүү үеийг туулахад амар болгож жаргалтай сайн цагийг улам таатай болгоно.
6 дахь нууц - Хошигнолын хүч
  • Хошигнол нь сэтгэлийн дарамтыг багасгаж аз жаргалын мэдрэмжийг би болгоно.
  • Инээд нь анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг.
  • Хямралыг давах хоёр алхамын томъёо.
    • Аар саар зүйл бүү санаа зов.
    • Амьдралын ихэнх хэсэг нь аар саар зүйлсээс бүрддэгийг сана.
7 дахь нууц - Өршөөн уучлахын хүч
  • Таньд үзэн ядалт, хорсол гомдол үлдсэн бол аз жаргалтай байх боломжгүй. Гомдол тээснээс болж танаас өөр хэн ч шаналахгүйг сана.
  • Алдаа эндэгдэл бүтэлгүй явдалууд нь амьдралын сургамж болно. Бусдыг уучил. Өөрийгөө уучил.
8 дахь нууц - Өглөгийн хүч
  • Эд юмсыг олж авсанаар, эзэмшсэнээр аз жаргалыг олохгүй. Аз жаргалын нууц нь бусадад өгөх, туслах чадварт оршино.
  • Бид бусадад хэдий их баяр баясгалан, аз жаргал өгнө өөрсдөө төдий хэмжээгээр олж авна гэсэн үг.
9 дэх нууц - Хамтын харилцааны хүч
  • Амьдралын чанар нь хүмүүстэй харьцах харьцааны чанараар тодорхойлогдоно.
  • Хүн бүрт бусад хүмүүс хэрэгтэй байдаг.
  • Дотно харьцаа нь сайн цагийг улам тааламжтай, хүнд бэрх цагийг арай хөнгөн болгодог.
  • Хэн нэгэнтэй харьцахдаа түүнтэй ахин хэзээ ч уулзахгүй мэт ханд.
10 дахь нууц - Итгэлийн хүч
  • Итгэл нь хүмүүст итгэх итгэлийг бий болгож, оюун ухааныг тайвшруулан, сэтгэлийн эргэлзээ, түгшүүр, уймрал, сандралаас чөлөөлнө.

April 07, 2008

Цонхтой цаг ...

.....Оюутан байхад цонхтой цаг нэг бодлын их сайхан байж дээ. Заримдаа ч бүүр хийх юм олдохгүй үед тэрэн шиг хэрэггүй юм байхгүй мэт, хийх юмаа олж ядан өдөржин л бяцхан кафед сууж өнгрүүлдэгсэн, хэ хэ. Заримдаа хичээлээ хийгээгүй үед бөөн аз болдог байж билээ. Манай сургуулийн нэгэн профессорын хэлсэнээр "оюутнуудад дахиад ганцхан л маргааш хэрэгтэй" гэдэг үнэхээр үнэн үг шүү. Шалгалт шүүлэг, бие даалт, даалгавар хураалгах болохоор л дахиад ганцхан өдөр байсан бол, эсвэл багш маргааш болгоод хойшлуулчихаасаа гэсэн бяцхан горьдлого тээсээр сургуульдаа очдогсон. Уул нь дандаа бизнес эдийн засгийн талын бичлэгүүд бичсэн байсан болохоор нэг ч гэсэн чөлөөт бичлэг оруулъя гэж бодоод цонхтой цаг гэж нэрлэсэн юм. Гэтэл гол сэдвээсээ хадуурчихсан явж байна.
.....Өчигдөр Youtube-ээс дуучдын хоолойны хамгийн дээд өнгийг харуулсан бичлэгүүдийг үзэж байтал нэг ийм хөөрхөн бичлэг олдлоо. Baby Beatles буюу 3-хан настай жоохон Солонгос хүү үнэхээр сүрхий дуулж байна шүү. Хамгийн гол нь их эгдүүтэй санагдлаа.



Энэ хүүгийн тухай өөр зөндөө бичлэг байналээ. Та нар сонирховол цааш нь ухаад үзээрэй. Ямартай ч таалагдана гэж найдаж байна. :P
.......

April 06, 2008

ДАЯРШЛЫН НӨЛӨӨ: 21-Р ЗУУНЫ ЯЛАГЧ БА ЯЛАГДАГЧ (1-р хэсэг)

Энэхүү өгүүллэг нь Аргентины спани, англи хэл дээр хэвлэгддэг “Худалдааны мэдээ” хэвлэлд нийтлэгдсэн байна. Энэхүү хэвлэл нь олон улсын худалдаа, логистик, тээвэрлэлтийн ирээдүйн чиг хандлага болон өнөөгийн бодит байдалд дүн шинжилгээ хийхэд зориулагдсан хэвлэл юм.

Улс орнууд энэ зуун бол хувьсал өөрчлөлтийн зуун юм гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

Массачусетсийн Технологийн Дээд Сургуулийн

эдийн засаг, менежментийн багш Lesther Thurow

Баялаг нэг л хүчин зүйл дээр оршин тогтнодог: тэр нь бол мэдлэг, чадвартай хүн юм. Надад боловсролтой нэг улсыг заагаад өг, би тэндээс XXI зуунд амжилт олохуйц чадвартай хүмүүсийг заагаад (олоод) өгье. Эсэргээр нь боловсролгүй орныг заагад өг, би унах нь тодорхой гэдгийг баталъя. Бид хувьсал өөрчлөлтийн цаг үед амьдарч байна. ХХ зуунд бид өмнө нь байгаагүй дотоод шаталтын хөдөлгүүрийг нээж олсоноор аж үйлдвэрт шаталтат хөдөлгүүрийг ашигласан. Хариулт нь “энэ тийм ч хэцүү байгаагүй”. Бид бүгдээрээ л удаан машинтай байсан, уурын машинтай байсан, цахилгаан машинтай байсан. Мөн галт тэргээр байнга л зорчдог байсан. Гэвч бидний орчин үеийн амьдрал бидний үндсэн амьдралтай ижилхэн л байх болно. Өөрөөр хэлбэл бидний орчин үеийн амьдралыг цахилгаан эрчим хүчгүйгээр төсөөлөх боломжгүй юм. Бид амьдралаа ямар байхыг тааж мэдэх боломжгүй. Тийм ч учраас түүхчид цахилгаанжуулалт нь хувьсал байсан, мөн шаталтат хөдөлгүүр нь маш чухал нээлт байсан гэж үздэг.

Энэ бүхнээр би таныг “бид хувьсал өөрчлөлтийн цаг үед амьдарч байна, юм бүхэн өөрчлөгдөх болно” гэдэгт итгүүлэхийг хичээж байна.

Бизнес: Электрон худалдаа

Сүүлийн 50 жилд аж үйлдвэрийн гуравдагч хувьслаар 5000 жилийн түүхтэй жижиглэн худалдааны төгсгөл ирж байна гэж түүхчид үздэг. Эртний Египтийн хүмүүс дэлгүүр явж өөрсдийн өдөр тутмын шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ худалдан авдаг байсан. Тэр үеийн дэлгүүрүүд нь орчин үеийн дэлгүүрүүдтэй адилхан бараагаар дүүрэн лангуутай, мөн тэнд ажилдаг ажиллагсадтай байсан. Хүмүүс авахыг хүссэн барааныхаа үнийг худалдагчид төлөөд бараагаа авдаг байсан. Энэ нь өнөөг хүртэл 5000 жилийн турш өөрчлөгдөлгүй энэ хэвээрээ л хөгжсөөр иржээ.

Би үлдсэн амьдралаа шаардлагатай зүйлсээ авах гэж дэлгүүр хэсэлгүйгээр Buenos Aires-т амьдарч болно.

Би интернэтээр машин, байшин гээд шаардлагатай бүх л зүйлсээ авч чадах учир дэлгүүр хэсэх шаардлага байхгүй. Эндээс урган гарч буй нэг асуулт бол: “Электрон худалдаа нь 10%-н хувьсал уу, эсвэл 90%-нх уу?” Энэ нь 30 жилийн дараа бид хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийхээ 10%-ийг электрон худалдаагаар худалдаж авах уу, эсвэл 90%-ийг нь уу? 90% гээд бодоод үзье, тэгвэл ганц ч дэлгүүргүй хот ямар байх вэ? Бид аль чиглэлээр нь явбал дээр вэ? Эсвэл бид 10%-ийг нь электрон худалдаагаар худалдаж авна гэвэл энэ нь хэдийгээр чухал боловч бид өмнөх байдлаасаа нээх их өөрчлөгдөж чадахгүй. Гол асуудал нь бид үүний хариултыг 20 жилийн дараа л мэднэ. Бид энэ нь 10%-ийнх уу, 90%-ийнх уу гэдгийг мэдэхгүй. Нийгэм нь технологийг байнга байлдан дагуулж байдаг, тиймээс ч нийгэм нь байнга өөрчлөгдөж байдаг.

Хэдэн сарын өмнө би машинаа хулгайд алдсан юм. Тиймээс би шинэ машин авахаар хайж эхэлсэн. Би ихэнх Америкчуудын л адил интернэтэд орж ямар машин авахаа шийдсэн. Тэгээд би нэг дэлгүүрт очлоо. Гэнэт “Би яагаад энд хүрээд ирвээ? Яагаад би энийг электроноор худалдаж авсангүй вэ?” гэсэн бодол төрлөө. Үүний шалтгаан нь би 7 настай байхдаа автайгаа хамт анх удаа машин авахаар дэлгүүрт очсон юм. Тэр надад “Lesther, чи машин худалдаж авахдаа хаалгыг нь чанга хааж, дугуйг нь өшиглөж, өөрөө жолоодож үзэлгүйгээр авч болохгүй” гэж хэлсэн юм. Үнэндээ бол би энэнээс өөр юм сураагүй байлаа. Тэгээд би машинийг шалгаж өөрөө барьж үзсэн боловч тэр машин надад таалагдаагүй. Харин манай хүүхдүүд интернэтээс машинаар уралддаг тоглоом татаж аваад түүгээрээ Jaguar-ийг электрон хэлбэрээр унаж, мөргөлдүүлж, уг машины талаар миний дэлгүүрт мэдэж авсанаас илүү ихийг мэдэж авч байсан. Тэгэхээр тэд электрон худалдаагаар машин худалдан авахдаа тухайн машиныг маш сайн мэдэрдэг гэдэгт би итгэлтэй байна.

Мэдээж автомашины компаниуд юу болохыг хүлээгээд зүгээр суугаад байж чадахгүй. Машин хямд үнэтэй байснаар компаний үр ашгийг нэмэгдүүлэх бараг боломжгүй юм. Глобал нийлүүлэлтийн сүлжээгээр бүтээгдэхүүний хэсэг болгон хамгийн бага зардлаар үйлдвэрлэгддэг улсад хийгдэж байна. Магадгүй энэ нь бага хэмжээгээр өсч болох ч тийм ихээр биш. Хэрвээ бүхэлдээ электрон хэлбэрээ нийлүүлэх юм бол машины үнэ 1000 орчим доллараар буурч болох юм. Зуучлагчгүйгээр шууд электрон худалдаагаар худалдвал машины үнэ 1000 доллараас илүү ч буурч болно. Хэрвээ бэлэн бүтээгдэхүүнээс зайлс хийж, электрон хэлбэрээр захиалга аваад эхлэвэл эцсийн үнэ нь 1500 доллараас илүүгээр ч буурах болно. Тиймээс машины үнэ 3500 орчим доллараар буурч болох юм.

Засгийн газрууд

Энэхүү хувьсал өөрчлөлтийн үр дүнд компани болон засгийн газар хоорондын харилцаа ч мөн адил өөрчлөгдөх болно. Бид одоо засгийн газрууд нь компаниудад мөнгө төлдөг нийгэмд амьдарч байна. Жишээлбэл: Израйл 600 сая доллар Intel-д төлж өөрийн орондоо зарим нэг үйлдвэрүүдийг бариулсан. Харин Бразил Ford-д мөнгө төлж үйлдвэр бариулсан.

Засгийн газрууд иймэрхүү арга хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Тэд өөрсдийгөө агаарын замыг хянагчид хэмээн үздэг ба эдийн засгийн урсгалаа удирдаж байна хэмээн үздэг. Тэд үүнийгээ глобал эдийн засагтай өнөө үед энэ хэвээр нь хадгалаад явж чадахгүй.

30 жилийн өмнө засгийн газрууд энэ асуудалтай тулгардаггүй байсан бөгөөд энэ талаар тооцоолоогүй байв. Яагаад гэвэл санхүүгийн эх үүсвэрийг (баянбүрд) хэрэглэхийн тулд амьдарч байна. Харин одоо бүх зүйл өөрчлөгдсөн. Өнөө үед татварын эх үүсвэрийг (баянбүрд) электрон хэлбэрээр хэрэглэж болохоор байна. Үүнийг Дэлхийн санхүүгийн төвүүдийн зэрэглэлийн жишээн дээр харж болно.

Жишээ нь: дэлхийд санхүүгийн зэрэглэлээр 1-д New York, 2-т Tokyo, 3-д London, 4-т France, 5-д Latin America дахь Caiman Islands (санхүүгийн баянбүрд).

Санхүүгийн гарц шинэ эдийн засагт маш чухал. Хэрвээ би засгийн газртаа төлбөр төлөхийг хүсэхгүй бол би үүнээс гарах арга замыг хайх хэрэгтэй.



(Үргэлжлэл бий ...)


Монгол Улсын эдийн засгийн 2007 оны байдал

1. Эдийн засгийн өсөлт, ДНБ-ний хэмжээ

Эдийн засгийн бодит өсөлт урьдчилсан гүйцэтгэлээр 2007 оны эцэст 9.9 хувь болсон нь 2006 оныхоос 1.3 пунктээр илүү байна. Малын тоо толгой 40.3 саяд хүрч өссөн нь эдийн засгийн өсөлтөд чухал түлхэц болов. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, өрсөлдөөн нь нэмэгдэж, бүтээгдэхүүнийх нь үнэ ханш буурч байгаа холбооны салбар 2007 оны эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулжээ. 2007 онд газрын тосны олборлолт эрс нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтөд багагүй хувь нэмэр оруулав. Гадаад зах зээл дээр манай улсын гол нэрийн экспортын бүтээгдэхүүний үнэ өндөр хэвээр байсан болон дотоодод хэрэглээний барааны үнийн өсөлт харьцангуй өндөр байснаас ДНБ-ий дефляторын өөрчлөлт 11.6 хувь болж, ДНБ-ий хэмжээ оны үнээр 4557.5 тэрбум төгрөгт хүрлээ. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 1478 ам.доллар болж, 2006 оныхоос 21 хувиар өслөө. 2007 онд боловсруулах аж үйлдвэрлэлийн салбарын бодит өсөлт 32.3 хувь болсон нь хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон төмөрлөгийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өсөлтөөс голлон шалтгаалж байна. Өнгөрсөн хоёр жилийн эдийн засгийн өсөлтөд гол хувь нэмэр оруулсан 10 салбарыг авч үзвэл 2007 оны хувьд 2006 оныхтой ойролцоо байна. Харин 2006 онд эдийн засгийн өсөлтөд багагүй хувь нэмэр оруулж байсан газар тариалан, металлын хүдэр олборлолт, нэхмэлийн үйлдвэрлэлийн хэмжээ багасч оронд нь хүнсний үйлдвэрлэл, барилга, банк, санхүүгийн салбар нэмэгдсэн байна.

2. Улсын нэгдсэн төсөв
Улсын
нэгдсэн төсвийн орлого, тусламжийн дүн 2007 оны эцэст 1851.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 40.6 хувьтай тэнцэх хэмжээнд хүрлээ. 2007 оны эхнээс хэрэгжүүлж эхэлсэн татварын шинэчлэлийн нөлөөгөөр хувь хүний болон аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татваруудын ДНБ-д харьцуулсан хувь буурсан байна. Харин зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар болон татварын бус орлого үүн дотроо ногдол ашгийн орлогын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 2007 онд зэсийн үнэ гадаад зах зээлд өндөр байсантай холбоотойгоор өсчээ. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2007 оны эцэст 1749.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 38.4 хувь болжээ.2007 онд ДНБ-д эзлэх бараа, үйлчилгээний зардалын хэмжээ буурсан бол хөрөнгө оруулалт, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн зардал буюу урсгал шилжүүлгийн ДНБ-д эзлэх хувь өссөн байна. 2007 онд Засгийн газраас төсвийн байгууллагад ажиллагсдын цалин болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 удаа нэмэгдүүлж төрийн албан хаагчдийн дундаж цалинг 250 мянган төгрөгт хүргэлээ. Мөн иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн дундаж хэмжээг 2007 онд 70.6 хувиар нэмэгдүүлж, хүүхдийн хөгжлийн мөнгө хөтөлбөрт бүх хүүхдийг хамруулж бүрэн хэрэгжүүлж эхэлсэн нь урсгал шилжүүлгийн ДНБ-нд эзлэх хувь нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Засгийн газраас 2007 оныг Их бүтээн байгуулалт, ажлын байр нэмэгдүүлэх жил болгон зарлаж хөрөнгийн зардлын хэмжээг 2006 оныхоос 110 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэв. Нэгдсэн төсвийн нийт тэнцэл 2007 онд 102 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.2 хувь, урсгал тэнцэл 482.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 10.6 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай гарлаа.
/үргэлжлэл бий/

Six Sigma ...

.....Өнгөрсөн IV/4-нд Эдийн Засгийн Сургуулийн Маркетинг, Олон улсын худалдааны тэнхмийн оюутны эрдэм шинжилгээний хурал болж өнгөрлөө. Уг эрдэм шинжилгээний хуралд тавигдсан нэгэн илтгэл (1 дүгээр байрт шалгарсан гэдгийг дурьдах нь зүйтэй байх) Монгол шуудан банкны үйл ажиллагаанд 6 сигмаг ашиглах талаар байсан нь загатнасан газар маажив гэгч нь л боллоо. Учир нь саяхан интернэтээс e-books үзэж байгаад "Six Sigma for Marketing Processes" гэсэн 2006 оны ном олж аваад ихэд сонирхон уншиж үзье гэж бодоод амжихгүй яваад байсан юм. Эхлээд 6 сигма гэдэг үгийг хараад маркетингийн хольц буюу 4Р гэдэг шиг ямар нэгэн үгнүүдийн товчлол ч юм уу нэг тиймэрхүү юм байгаа байх гэж бодож байтал бодсоноос маань арай өөр зүйл байж.
Үнэн хэрэг дээрээ сигма нь вариац болон стандарт хазайлтыг илэрхийлдэг статистикийн нэгэн тэмдгэлгээ гэдгийг бид мэднэ. Тухайлбал нэгжид тохиох согогийг илэрхийлдэг. Харин 6 гэдэг нь ямар нэгэн процесст тохиолдох стандарт хазайлтын тоо юм. Тэгэхээр "6 сигма" гэдэг нь ерөнхий утгаараа бүтээгдэхүүн, үйлчилгээний процесс дэх согогийг багасгах, зардлыг бууруулах загвар юм. Энэхүү ухагдахуун нь асуудлыг шийдвэрлэх процессоос эхэлдэг. Тэрхүү асуудал нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд бүтээгдэхүүн, үйлчилгээний процесс дахь үргүй зардал, хувьсамтгай байдал, согогийг арилгахад ерөнхийдөө чиглэж байдаг. Үүний тулд DMAIC ("duh-may-ick" гэж дуудагддаг) гэсэн 5 шатлалт аргыг ашигладаг байна. Энэ нь:
  1. Define буюу асуудлыг тодорхойлох
  2. Measure буюу асуудалтай холбоотой өгөгдлүүдийг цуглуулах, процессийг хэмжих
  3. Analyze буюу гол хувьсагчдын хоорондын нөлөөллийг тодорхойлох өгөгдлийг шинжлэх
  4. Improve буюу үйлчлүүлэгчийн шаардлагад нийцсэн үр дүнг бий болгох асуудлыг шийдвэрлэсний үндсэн дээр процессийг сайжруулах
  5. Control буюу дахин тухайн асуудал бий болох эсэхийг хянах. Хэрвээ тийм асуудал гарлаа гэхэд үүнийг шийдвэрлэж чадах маш сайн боловсруулсан хяналтын төлөвлөгөөтэй байх ёстой.
Үүнтэй адил нэлээд хэдэн аргууд байдаг. Илүү дэлгэрэнгүйг та эндээс үзэх боломжтой.
.....6 сигма хэмээх уг арга нь саяханы шинэ арга биш юм байна. Бидний сайн мэдэх Америкийн "Motorola" корпорацийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Bill Smith гэгч эр аль 1986 онд уг аргыг боловсруулсан байна. Motorola корпораци 6 сигмаг хэргэжүүлсэнээрээ зардлаа 13 тэр бум доллараар хэмнэж ажиллах хүчний бүтээмжээ 204%-иар өсгөж чадсан байна. Уг аргыг ганц Motorola хэргэжүүлээд зогссонгүй бусад томоохон компаниуд, тухайлбал IBM, DEC, Texas Instruments, GE, Allied Signal, Sumsung, LG Groups, Bank of America зэрэг байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаанд хэргэжүүлж гайхалтай үр дүнд хүрсэн байна.
Тэгэхээр Монголын компаниуд уг загварыг ашиглан үйл ажиллагаагаа сайжруулж хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгон ашгаа нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм.
..........

April 05, 2008

Зүүн Азийн эдийн засгийн байдал

......Өнгөрсөн мягмар гараг буюу 4/01-нд MCS Palaza-ийн 5 давхарт байрлах "Дэлхийн банк"-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт болсон олон улсын видео хуралд оролцлоо. Энэхүү хуралд Монгол, China (Beijing), Japan (Tokio), East Timor (Dili), Papua New Guinea (Port Morsby) болон Australia (Sydney) зэрэг улсууд оролцож цэнхэр дэлгэцээр бие биенээ харан Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн тэргүүлэх эдийн засагч Викрам Нэхругийн илтгэлийг сонссон юм.
Миний хувьд анхны том хэмжээний уулзалтанд
очиж үзэж байгаа маань тэр байсан тул эхлээд нэлээд томоотой гэгч нь сууж ноён Викрамын илтгэлийг сонслоо. Олон улсын үйл ажиллагаа гэсэндээ ч тэр үү хурал эхлэх цаг, дуусах цаг, асуулт хариултын цаг гээд бүх юм нарийн төлөвлөсөн хуваарийн дагуу цагтаа явагдаж байлаа. Харин зарим Монголчууд маань сурсан зангаараа товлосон цагаасаа нэлээд хэдэн минут өнгөрч байхад уван цуван орж ирсээр тэрхүү бяцхан заалыг дүүргээд амжсан. Ноён Викрамын илтгэл синхронный орчуулагатай явагдаж байсан тул хэл мэдэхгүй хүн тэнд ойлгохгүйн зовлон үгүй юм билээ. Илтгэл дууссаны дараа хуралд оролцогч улс орны эдийн засагчид өөрийн орны эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдал, тэр дундаа үнийн өсөлт болон инфляцын эсрэг ямар бодлого баримтлавал дээр гэж үзэж байгаа талаар нь ноён Викрамаас сонирхон асууж байлаа.
.....Уг хурлаар Дэлхийн банкнаас 6 сар
тутамд гаргадаг "Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тойм"-ыг танилцуулсан ба уг илтгэлийн гол цөм нь АНУ-ын эдийн засгийн бууралт нь тус бүс нутгийн эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ, цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар дурьдаж байсан. Илтгэлийн талаар илүү дэлгэрэнгүйг эндээс та уншиж болох тул би нуршихаас зайлсхийя.

...

April 04, 2008

Малчдын баяр, бидний баяр ...

Хоёр хоногийн өмнө ажлын шаардлагаар Төв аймгийн Эрдэнэ суманд малчин айлд очих хэрэг гарлаа. Ажлын далиманд хотоос зайдуу цэвэр агаарт гараад авий гэсэн маань ч биелэн, түүнээс гадна нэг зүйл их хөөрхөн санагдлаа. Хаврын урь орж малчин айлууд шинэ төлөө хүлээн авж байгаа энэ үе таарсан бөгөөд тэрхүү айлд очиход олон хөөрхөн хурга ишиг өөдөөс угтсан юм. Тэгээд тэдний зургыг гар утасны camera-гаар авлаа. 2 mega pixel тул жаахан онцгүй гарсан байж магадгүй. Гэхдээ эдгээр хөөрхөн амьтад ямар ч зургийг чимэж чадна гэж бодож байна.
Мал төллөж малчин ардыг баярлуулж байгаа яг энэ үед Нарка бид 2-ын блог нээгдссэн нь бас л билэгшээлтэй юм байна. Хэхэ.

April 03, 2008

Getting start ...

.......Сүүлийн хэдэн сар зав л гарвал нэтээ холбоол, завсар л гарвал блог уншсаар байгаад өөрөө ч нэг юм бичдэг болдиймуу гэж бодогдох болсоор нэлээд удлаа. Гэтэл хувьсгалын тохироо таарав уу, хувь зохиол нь ч угаасаа тийм байв уу анд маань санаа гаргаснаар бид өөрсдийн блогийг түргэхэн шиг нээгэд авлаа. Харин хамгийн эхний post гэдэг чинь их төвөгтэй эд байдаг юм байна. Юу бичих вэ гэж 24 цаг бодож тунгаасны эцэст юу ч яахав ээ, хурдхан эхэлж үз гэсэн бодол орж ирлээ. Бас болоогүй ээ, эхлэхээсээ өмнө нэлээд олон блогоор зочлон хамгийн эхний POST-уудыг нь уншлаа. Зарим нэг нь шүлэглэсэн байхад зарим нь маш энгийнээр өөрөө өөртөө "ЗА БИЧЭЭД БАЙГААРАЙ" гэсэн байна. Тиймээс би зүгээр л толгойдоо орсноо л бичье гэж шийдлээ.

.......Бидний хувьд бизнесийн талаар, тэр дундаа олон улсын бизнес, олон улсын худалдаа, олон улсын маркетингийн талаар өөрсдийн олж мэдэж, дуулж сонссон бүх л хэрэгцээт болон сонирхолтой мэдээ мэдээлэл, өгүүлэл, онолын мэдлэгийн тухай өөрсдийн үзэл бодлын хүрээнд тусган бичхийг зорьж байна. Блогт маань оюутан залуус, ер нь хэн бүхэнд хэрэг болохуйц бичлэгүүд тавигдах болно хэмээн зоригтоогойр амлачихдаг юм билүү дээ.
Ингээд... WELCOME AND HAVE A NICE TIME WITH US