April 22, 2008

"Ногоон олимпын тоглолт" буюу "Green games"

.....Сүүлийн 10-аад жил байгаль орчны асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд зүй ёсоор байх ёстой асуудал болон хувираад байна. Үүний тод илрэл манай оронд ч, бидний өдөр тутмын амьдралд ч мэдрэгдсээр байгаа билээ. Өвлийн цагт өглөө эрт ажилдаа яваа хүн бүрийн, хичээлдээ яваа оюутан, сурагч бүрийн, цэцэрлэгрүүгээ дурамжхан нойрмог бас усан нүдлэн яваа бяцхан үрсийн нүд хорсом цагаан утаа, хоолой хорсгом нүүрсний утаа, хамар цоргим автомашины утаа, ер нь юм бүхэн шахуу байгаль дэлхийг бохирдуулаад зогсохгүй бидний эрүүл мэндийг асар ихээр хордуулж байгаа билээ.
.....Саяхан дэлхийн олон улсын нэгэн байгууллагын мэргэжилтэн Монголд ирж тодорхой хугацаагаар ажлаад буцахдаа уушигны хорт хавдартай болсон гэсэн явган яриа сонсоход хөгжилтэй ч гэмээр, эмгэнэлтэй ч гэмээр санагдаж байсан. Яагаад хөгжилтэй гэхээр тэрээр өглөө болгон эртлэн босож агаарт гүйн, биеийн тамирын дасгал хийдэг байж. Үнэхээр идэвхтэйгээр эрүүл мэнддээ тустай хэмээн дасгал хийж байсан хүн хийхгүй байснаасаа илүү хор хохирол амссан байна. Энэ яриа хэр зэрэг үнэний ортой эсэхийг мэдэхгүй ч хэрвээ үнэн бол бид ч мөн тэр хүний амьсгалсан агаараар амьсгалж байгаа шүү дээ.
.....Яг үүнтэй адил асуудал манай урд хөршийн толгойны өвчин болж эхэлжээ. Хятад улс "Зуны олимп"-ын наадмыг зохион байгуулахад атлеткийн тамирчдын зүгээс бяцхан хүндрэлтэй тулгараад байгаа юм. Энэ тухай энд гарсан мэдээлэлд дурьдсан байна. Тодруулбал:
.....
Хятад улс Бээжингийн Олимпыг "Green" үйл ажиллагаа болгоно х
эмээн амласандаа хүрэхийн тулд хэд хэдэн зорилтуудыг тавиад байгаа гэдгээ 2008/4/14-ны өдөр мэдэгджээ. Тэдгээр зорилтуудад нь барилга угсралтын ажлуудыг зогсоох, 3.3 сая авто машины хэрэглээг хориглох, үр ашиггүй нүүрсний зуухуудыг зогсоох, агаар болон хүрээлэн буй орчныг хамгийн ихээр бохирдуулагч аж үйлдвэрүүдийг зогсоох гэх мэт үйл ажиллагааг авч хэргэжүүлэхээр болсон байна. Хэдийгээр энэ нь үнэхээр сайн оролдлого хэдий ч Олимпын тоглолт болох хүртлэх 4 сарын хугацаанд төдийлөн өөрчлөлт үзүүлж чадахгүй болов уу хэмээн ихэнх хүмүүс үзэж байна. Хятадын озоны давхарга болон агаар мандал дахь элементийн хэмжээ ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн стандартаас даруй 5 дахин их байгаа нь Олимпийн тэмцээнд оролцох атлеткийн тамирчдын (амьсгалын замын эрхтэн системийг гэмтээнэ гэж) санааг зовоож байгаа юм. Марафон гүйлтийн дэлхийн рекордын эзэн Haile Gebrselassie өөрийн эрүүл мэндийхээ төлөө энэ жил тэмцээнд оролцохгүй гэдгээ нэгэнт мэдэгдээд байгаа. Нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл бээжинд ердөө 67 өдөр тэнгэр цэлмэг байсан байна. Гэхдээ сүүлийн 10 хоногт л өмнөх өдрүүдийг бодвол илүү олон цэлмэг өдөртэй байжээ.
.....Эндээс үзэхэд бид ч бас энэ тал дээр түлхүү анхаарах шаардлагатай болоод байна. Бид агаарын бохирдлын тухай асуудлыг ганцхан өвлийн улиралд л яриад байх шиг. Энэ асуудлыг жилийн бүх л улиралд анхааралдаа байлгах хэрэгтэй болов уу. Урьд нь бидний бичсэнчлэн социализмын үеийн зарим нийгмийн хөдөлмөр уг асуудлыг шийдвэрлэхэд багахан ч гэсэн хувь нэмрээ оруулах юм шиг санагдаж байна. Гагцхүү энэ бидний өөрсдийгөө гэсэн сэтгэлээс л шалтгаалах зүйл. Ногоон байгууламж бол агаарыг цэвэрлэх хамгийн энгийн өртөг багатай шүүлтүүр шүү дээ.

0 comments: