Showing posts with label Бидний бодол. Show all posts
Showing posts with label Бидний бодол. Show all posts

October 20, 2008

Хятадын хөгжлийн бодлого

Энэ Хятадууд их сүрхий улс юмаа. Улс орноо хөгжүүлэхээр зорисон зорилгоо заавал хэрэгжүүлдэг. Бидэнд тэднээс сурах зүйл бас их байх шиг санагдах юм. БНХАУ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих реформыг 1978 онд Deng Xiao Ping-ны үед эхлүүлжээ. Энэ үед Deng Xiao Ping “Getting Rich First” (xianfu lun) буюу эхлээд баяжих хэрэгтэй гэсэн уриаг /slogan/ гаргасан байна. Энэ нь Хятадын зарим нэг бүс нутаг болон зарим нэг хүмүүс эхлээд баяжих хэрэгтэй гэсэн утгыг агуулсан байна. Ингэснээр 20 жилийн дотор л Хятадын зүүн эргийн дагуух нутгуудад эдийн засаг эрчимтэй хөгжсөн байна. Харин баруун бүсийн нутгийн хөгжил хоцрогдсон байна. Үүний тод жишээг доорх зурагнаас л харахад ойлгомжтой байна.


Тиймээс баруун бүсийн хөгжлийг зүүн бүсийн хөгжилтэй эн зэргэцүүлэхийн тулд 2000 оны 1-р сард баруун бүсийн хөгжлийн хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрийн хүрээнд дараагийн хөгжлийн хандлагыг тодорхойлсон уриа /slogan/-г Хятадын эрх баригчид гаргасан нь “Common Prosperity” (gongtong fuyu) буюу "нийтийн хөгжил" гэсэн уриа юм. Энэхүү урианы гол санаа нь нэгэнт өндөр хөгжилтэй болсон бүс нутгууд болон иргэд эдийн засгийн хөгжлөө бусад бүс нутгуудтайгаа хуваалцах хэрэгтэй гэсэн санаа аж.

Уг хөтөлбөрийн гол стратеги нь дэд бүтцийг хөгжүүлэх (зам тээвэр, усан цахилгаан станц, эрчим хүч, харилцаа холбоо), гадаадын хөрөнгө оруулалтыг татах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах (ойгүйжилтийн эсрэг тэмцэх), боловсролын салбарыг хөгжүүлэх зэргээр бүс нутгийг хөгжүүлэхэд чиглэсэн байна. Мөн Хятадын өндөр хөгжилтэй болон хүн ам ихтэй бүс нутаг, хотуудын хүн амыг харьцангуй бага хүн амтай баруун бүсэд татах зорилготой юм байна.

Гэтэл бид хийхээсээ илүү шүүмжлэх нь их юмуу даа гэж бодогдохын. Хэн нэгнийхээ муухан эхлүүлсэн зүйлийг сайн дэмжээд үргэлжлүүлвэл болохгүй зүйл гэж хаа байхав. Бас хийж бүтээх хамаг боломжийг гартаа атган суугаа хэсэг бүлэг хүмүүс "би" гэсэн үзлээ халж "бид" гэсэн сэтгэхүйтэй болвол ч ...

April 22, 2008

"Ногоон олимпын тоглолт" буюу "Green games"

.....Сүүлийн 10-аад жил байгаль орчны асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд зүй ёсоор байх ёстой асуудал болон хувираад байна. Үүний тод илрэл манай оронд ч, бидний өдөр тутмын амьдралд ч мэдрэгдсээр байгаа билээ. Өвлийн цагт өглөө эрт ажилдаа яваа хүн бүрийн, хичээлдээ яваа оюутан, сурагч бүрийн, цэцэрлэгрүүгээ дурамжхан нойрмог бас усан нүдлэн яваа бяцхан үрсийн нүд хорсом цагаан утаа, хоолой хорсгом нүүрсний утаа, хамар цоргим автомашины утаа, ер нь юм бүхэн шахуу байгаль дэлхийг бохирдуулаад зогсохгүй бидний эрүүл мэндийг асар ихээр хордуулж байгаа билээ.
.....Саяхан дэлхийн олон улсын нэгэн байгууллагын мэргэжилтэн Монголд ирж тодорхой хугацаагаар ажлаад буцахдаа уушигны хорт хавдартай болсон гэсэн явган яриа сонсоход хөгжилтэй ч гэмээр, эмгэнэлтэй ч гэмээр санагдаж байсан. Яагаад хөгжилтэй гэхээр тэрээр өглөө болгон эртлэн босож агаарт гүйн, биеийн тамирын дасгал хийдэг байж. Үнэхээр идэвхтэйгээр эрүүл мэнддээ тустай хэмээн дасгал хийж байсан хүн хийхгүй байснаасаа илүү хор хохирол амссан байна. Энэ яриа хэр зэрэг үнэний ортой эсэхийг мэдэхгүй ч хэрвээ үнэн бол бид ч мөн тэр хүний амьсгалсан агаараар амьсгалж байгаа шүү дээ.
.....Яг үүнтэй адил асуудал манай урд хөршийн толгойны өвчин болж эхэлжээ. Хятад улс "Зуны олимп"-ын наадмыг зохион байгуулахад атлеткийн тамирчдын зүгээс бяцхан хүндрэлтэй тулгараад байгаа юм. Энэ тухай энд гарсан мэдээлэлд дурьдсан байна. Тодруулбал:
.....
Хятад улс Бээжингийн Олимпыг "Green" үйл ажиллагаа болгоно х
эмээн амласандаа хүрэхийн тулд хэд хэдэн зорилтуудыг тавиад байгаа гэдгээ 2008/4/14-ны өдөр мэдэгджээ. Тэдгээр зорилтуудад нь барилга угсралтын ажлуудыг зогсоох, 3.3 сая авто машины хэрэглээг хориглох, үр ашиггүй нүүрсний зуухуудыг зогсоох, агаар болон хүрээлэн буй орчныг хамгийн ихээр бохирдуулагч аж үйлдвэрүүдийг зогсоох гэх мэт үйл ажиллагааг авч хэргэжүүлэхээр болсон байна. Хэдийгээр энэ нь үнэхээр сайн оролдлого хэдий ч Олимпын тоглолт болох хүртлэх 4 сарын хугацаанд төдийлөн өөрчлөлт үзүүлж чадахгүй болов уу хэмээн ихэнх хүмүүс үзэж байна. Хятадын озоны давхарга болон агаар мандал дахь элементийн хэмжээ ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн стандартаас даруй 5 дахин их байгаа нь Олимпийн тэмцээнд оролцох атлеткийн тамирчдын (амьсгалын замын эрхтэн системийг гэмтээнэ гэж) санааг зовоож байгаа юм. Марафон гүйлтийн дэлхийн рекордын эзэн Haile Gebrselassie өөрийн эрүүл мэндийхээ төлөө энэ жил тэмцээнд оролцохгүй гэдгээ нэгэнт мэдэгдээд байгаа. Нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл бээжинд ердөө 67 өдөр тэнгэр цэлмэг байсан байна. Гэхдээ сүүлийн 10 хоногт л өмнөх өдрүүдийг бодвол илүү олон цэлмэг өдөртэй байжээ.
.....Эндээс үзэхэд бид ч бас энэ тал дээр түлхүү анхаарах шаардлагатай болоод байна. Бид агаарын бохирдлын тухай асуудлыг ганцхан өвлийн улиралд л яриад байх шиг. Энэ асуудлыг жилийн бүх л улиралд анхааралдаа байлгах хэрэгтэй болов уу. Урьд нь бидний бичсэнчлэн социализмын үеийн зарим нийгмийн хөдөлмөр уг асуудлыг шийдвэрлэхэд багахан ч гэсэн хувь нэмрээ оруулах юм шиг санагдаж байна. Гагцхүү энэ бидний өөрсдийгөө гэсэн сэтгэлээс л шалтгаалах зүйл. Ногоон байгууламж бол агаарыг цэвэрлэх хамгийн энгийн өртөг багатай шүүлтүүр шүү дээ.

April 18, 2008

Социализм -> Ардчилал = Зарим доголдол

Миний хувьд Социалист нийгмийн сүүлийн жилүүд, Ардчилсан нийгмийн эхэн үед хүүхэд насаа өнгөрөөсөн нэгэн. Тийм болоод ч тэр үү Социалист нийгмийн талаарх мэдлэг маань тун бага, картын бараанд оочирлон зогсох, пионорын гастук зүүж алхах, хэдхэн төгрөгөөр под хийтэл цаддаг байснаас цааш нь мэдэхгүй ... Ид юм сурч мэдэх нас минь шилжилтийн үе буюу Ардчилсан нийгэмд шилжиж байсан тэр үе. Тиймээс ч Социалист, Коммунист нийгэм бол бүгдээрэй маш буруу зүйл Ардчилал бол ... гэсэн школоор хүмүүжсэн ...

Ардчилсан нийгэмд шилжсэнээр манай улс нэг алхам ургашилсан нь яах аргагүй үнэн. Гэхдээ
зарим зүйл дээр бол нилээд хэдэн алхам ухарсан юм шиг санагддаг юм. Ялангуяа хүмүүсийн маань нийгэмээ гэсэн сэтгэхүй ... Манай улс Социалист нийгэмд "Бүгдээрээ, Хамтдаа" гэсэн уриатай нилээн олон жил явж байсанаа Ардчилал гарч ирэнгүйт "Амь амиа бодоорой", "Хүн бүр хоорондоо өрсөлдөгч" гээд л бүх өөрчлөгдөн шинэ болгоноо магтан хуучнаа газарт ортол нь муулаад л

Өнөөдөр хүн бүр Улаанбаатар хотын ирээдүй бүрхэг байна. Төр засаг яагаад энэ утааг арилгах арга хэмжээ авахгүй байгаа юм бэ?, Утаанбаатар маань хаварын улирал Шороонбаатар болж байна ... гээд л. Дор дорноо, ам амаа мэдэн ярилцахаас өөр хийж байгаа зүйлгүй. Миний хүүхэд нас (нөгөө хэлээд байгаа Социалист нийгэмд) маш сайхан нийтийн үйл ажиллагаанууд зөндөө байсан юмдаг. Хүмүүсийг ч хамруулж чаддаг байсан юм. Одоо санах нээ хагас сайн өдөр болгон нийтийн суботниктой, айл болгон өөр өөрсдийн гэсэн мод тариж түүнийгээ маш сайхан ургуулна, хүүхэд болгон 9 сарын нэгэнд ангидаа заавал тасалгааны цэцэг барьж очих ёстой, өвөлдөө хүүхэд бүр өөрсдийн чадах зүйлээ малчидад явуулна (гараараа оёсон нэмнээ, шүдэнз, лаа гэх мэт).

Зах зээлд шилжингүүт эдгээр зүйлс маань бүгд алга болчихсон. Хаачсан юм мэдэхгүй ээ. Өнөөдөр лав айлын хаалга тогшоод суботникт гар гэвэл аягүй бол өөдөөс нь хэрэлдэж магадгүй бүр зодоод гаргах байх. 10 жилийн хүүхдийг ангидаа цэцэг авчир, малчидад тусламжийн зүйл бэлдэж байна хийж ир гэвэл магадгүй цагдаагийн газар мөнгө идсэн, залилан ч юмуу ямар нэгэн хэргээр багш нь дуудагдаж магадгүй болсон байна.

Энэ бүхэн Ардчилалын буруу юу? гэвэл мэдээж үгүй. Миний бодлоор хэт туйлширсан явдлаас үүдэлтэй эмчилгээ авах боломжтой нэгэн төрлийн өвчин л гэмээр байна. Гагцхүү хэрхэн яаж эдгэрэх вэ гэдгээ эмчийн гарт бүрэн даатгах бус хувь хувьдаа хичээн өөрөө өөрсдийгөө, өнөөгийн ниймэгээ л эмчилцгээе л гэмээр байна.

Би МАХН-ын гишүүн биш шүү. Бас аль нэгэн намын дэмжигч биш. Зүгээр л бодсоноо бичсэн нэгэн.

April 16, 2008

Монгол маягийн реклам

Phillip Kotler "Marketing Insights from A to Z"
гэсэн номыг уншиж байгаад төрсөн сэтгэдлээс:

Өнөөдөр бидний амьдрал ямар нэгэн байдлаар зар сурталчилгаатай холбоотой байдаг бөгөөд зарим зар сурталчилгаанд хүмүүс дуртай байхад харин заримд нь дургүй байдаг. Миний хувьд хошин байдалтай мөн уран сэтгэмжтэй хийгдсэн зар сурталчилгаанууд их таалагддаг. Яг одоо ч гэсэн нэгэн зар сурталчилгааны ая хөгжимүүд нь толгойд жингэнээд, элэг хөшөөм үйл явдлууд нь нүдэнд харагдсаар байна. Гэхдээ хүмүүст ихэнхи зар сурталчилгаа таалагддаггүй буюу хүрч чаддаггүй л болов уу. Зарим рекламууд нь бүр дургуй хүргээд ч зогсохгүй, уурыг минь хүргэж чаддаг.

Тэгвэл хэрхэн хүмүүст таалагдхаар реклам хийх вэ гэдэг нь ихээхэн том асуудал болж таарна. "Шилдэг рекламууд нь зөвхөн бүтээлч бус байдаг. Дан ганц бүтээлч байдал нь хангалттай бус. Зар сурталчилгаа нь урлаг талдаа маш ойрхон, бодитой байх ёстой" ч гэсэн байх юм. Мөн түүнчлэн Doyle, Dane & Bernbach – ийн ерөнхийлөгч William Bernbach: “Бодит байдал нь хангалттай бус байдаг . . . Shakespeare хүртэл гайхалтай жүжгийн хэсгийг улиг болтол нь бичиж байж амжилтанд гарсныг битгий мартаарай” гэжээ. Үүнийг батлах зүйл ч зөндөө байх юм.

Шилдэг рекламууд нь хэзээ ч хүний сэтгэл санаанаас гарахгүй байхын тулд улиг болтлоо цацагдаж, хүмүүс түүнээс залхахдаа заавал тэр бүтээгдэхүүнийг хэрэглэж үздэг байна. Coco – Cola компани хүртэл “The Real Thing”, “Coke It is”, “I’d Like to Teach the World to Sing” гэж үргэлж рекламдсаар л байгаад амжилтанд хүрсэн байдаг юм байна. Зар сурталчилгаагаар залхааж хэрэглэгчдийн тэсвэрийг алдагдуулах нь амжилт олох боломж өгдөг байна.

Энэ бүгдээс үндэслээд энд тэндээс уншиж байхад реклам, зар сурталчилгаа өнөөдөр урлаг болтлоо хөгжсөн нь харагдаж байна. Тэгвэл энэхүү урлаг маань манай улсад хэр нэвтэрч байгаа талаар өөрийн бодож буйгаа бичээд үзээдхий.

Манай TV-гээр явж байгаа рекламуудыг харахад доорхи маягаар ангилж болох юм шиг ээ.
  1. Гадаадын рекламыг шууд явуулж буй
  2. Гадаадын рекламыг шууд хуулж буй
  3. Монгол маягын буюу хүүрнэсэн
Ерөнхийдөө ажиглаад байхад иймэрхүү маягаар хувааж болох байх аа.
  • Гадаадын рекламыг шууд явуулж буй
Энэ бол мэдээж бүх газарт байдаг жишээ. Дугуйг шинээр зохиох хэрэггүй гэдэг биз дээ. Түүнтэй адилхан дэлхийд түгсэн алдартай рекламыг Монголдоо гаргах нь зөв л алхам. Гэхдээ үүн дээр анхаарах зүйл нилээд байгаа байх аа. Тухайн газар орон бүр өөр өөрсдийн гэсэн онцлогтой байдаг. Жишээлбэл нэг цоо шинэ жип машин хад асгатай уулан дээгүүр цагт 100 км.цагийн хурдтай давхиж байна гээд бодоод үзье. Хүн бүр л ямар гоё, тэгээд энэ хадан дээгүүр ямар сайн давхидаг машин бэ гэж бодох байх. Гэхдээ нэг ч уул хад байхгүй, 100 км.цаг давхих шаардлаггүй хотод (жишээлбэл Сингапурт) энэ сурталчилгааг явуулаад ямар ч хэрэг болохгүй л болов уу. Тиймээс тухайн газрын орчинг сайтар судлаж байж явуулах нь дээр байх.
  • Гадаадын рекламыг шууд хуулж буй
Дээрхи төрөлтэй нэг их ялгараад байх зүйлгүй. Ганцхан л Монгол хүнийг тухай рекламд тоглуулах нь Монголчуудад хүрэхэд арай ой байж болох юм. Гэхдээ ингэж хуулж хийж байгаад улам муухай болгочихож магадгүй л байх. Тухайн рекламыг хийж байгаа багийн ур чадвараас ихээхэн хамрах байх. Жишээлбэл миний хувьд Орос дээр гардаг TIDE-ийн рекламыг (Айлын хаалга тогшоод юмыг нь угааж өгдөг. Тэгээд өөр угаалгын нунтагтай харьцуулдаг) Монголд буулгахад арай л онцгүй болсон юм шиг. Хамгийн гол зураг авалт хийж буй орчин нь нэг л жаахан тийм. Арай л бараан. Хэхэ.
  • Монгол маягын буюу хүүрнэсэн
Монгол маягийн буюу хүүрнэсэн гэдэг нь гадаад рекламууд дээр тэр болгон гараад байдаггүй л шинэ л хэлбэр болов уу. "За сумын төвөөр юу байна даа ... бла бла бла Дугуй булант гөө мөн сайхан цай шүү", "За дүнжингарав худалдааны төв хаана вэ? ...... Манай Дүнжингарав ч ..." гээд л дандаа хоорондоо нээх удаан ярилцсан. Магадгүй манай Монгол ард түмэн хэл зүйн асар баялаг өвтэй улс бөгөөд түүнээс шалтгаалсан байх. Жишээлбэл хоёр хүн хоорондоо мэндлэхдээ хэдэн янзаар мэндэлж болох байх. Улирал болгон тусдаа мэндчилгээтэй "Даага далантай, бяруу булчинтай ...", "Тарган сайхан хаваржиж байна уу", мөн эрхэлж буй ажил хөдөлмөртэй холбоотой "Аян зам өлзийтэй сайн уу", "Ургац арвин уу" гээд л ... Эсвэл хэлний энэ өв баялагаас бус Монголчуудын маань мэдээлэл олж авах чадвар сул байгаа учир заавал сайн тайлбарлаж өгч тухайн бараагаа сурталчилдаг байх. Манай нэг найз нөгөө дугуй булант цайны маркетингийн менежер хийж байхаар би ийм мангар реклам яагаад хийгээд байдаг юм гэхэд найз маань "Нөгөө хөдөөний хүмүүс маань гоё чамин гэхээсээ бүгдийг ярьж өгсөн рекламанд илүү автдаг. Тэдэнд мэдээлэл тун хомс болохлоор өөрсдийнхөө бүхий л зүйлийг ярьж өгдөг юм. Тэглээ ч энэ рекламыг явуулаад борлуулалт суга өсдөг. Харин өрсөлдөгч маань өөр нэг реклам хийхэд борлуулалт навс унадаг юм. Тиймээс дахиад л нөгөө рекламаа явуулах хэрэг гардаг" гэж билээ. Ингээд бодоход энэ Монгол маягийн хүүрнэсэн реклам нь манай нөхцөлд тохирсон ч юм шиг.

За за ингээд замбраагүй бичсэн бодлоо дуугая. Үр дүнд хүрэхийг зорьсонгүй. Өөр өөр талаас нь бичих гэж оролдлоо.