July 14, 2008

МОНГОЛ, ХЯТАД УЛСЫН ХУДАЛДААНЫ ТҮҮХЭН ТОВЧ ХУРААНГУЙ: 1-р хэсэг

Хүннү болон түүний дараах улсуудын худалдаа


МЭӨ 176 оноос эхлэн Хүннү улс хүчирхэгжиж “Цагаан хэрэмнээс хойшхи нум барьсан улс Шаньюн цаазыг дагатугай. Цагаан хэрэмнээс урагш дээл малгайн улсыг би захирсугай” гэж Хан улсын хаан зарлиг буулгаж байжээ. Үүнээс гадна жил бүр Шаньюд алт, мөнгө, магнаг торго, тарай буудайгаар алба барих үүрэгтэй болж, гэрээгээр Хан улс Хүннү нарыг Хятадтай худалдаа арилжааны харилцаатай байхыг хүлээн зөвшөөрсөн байна. Хүннү улс газар нутгаа өргөжүүлэхийн хирээр худалдааны ашигтай зам өрнө дорныг холбосон алдарт Торгоны замыг эзэгнэн хөрш зэргэлдээ улсаасаа давуу эрхтэйгээр өөрийн мэдэлдээ байлгах болжээ.

Хүннү, Хятад хоёр улсын наймаа нь тухайн үедээ Хятадуудад ихээхэн ашигтай байсан байна. Хүннүчүүд шар будаа, арвай будаа, гимлай арвай тарьж таван хошуу мал маллан мал аж ахуйн түүхүү эд, арьс шир, ангийн үс, гар урлалын зүйлсийг Хятад болон Дундад Азийн зарим орнуудад арилжиж байжээ.

Хожим Сяньби нар түүхэнд аажимаар тодрон гарч Хятад болон бусад улстай бие даан худалдаа хийж эхэлсэн байна. Сяньбийн толгойлогч Кэбинэн 3000 хүний бүрэлдэхүүнтэй 70000 үхэр, адууг хил дээр туун аваачиж Хятадтай хилийн худалдаа хийж байжээ. Энэ үед Хятад улс Монголчуудыг зэвсэг үйлдвэрлэхээс болгоомжилж төмрийн худалдааг хатуу хориглож байсан бол хариуд нь Монголчууд Хятадын морин цэргийг ихсгэхгүйн тулд адуу арилжаалахыг зогсоож байжээ. (одооныхоор бол эмбарго)

Сяньби нарын дараа 330-550 жилийн түүхтэй Нирун улс гарч ирсэн ба тэдний үед Жужан хэмээх Монгол аймгийн гадаад харилцааны түүхэн баримтанд Жужан нар нь байлдахын хажуугаар түр найрамдаж, Вэй улсад арьс, ноос, түүхий эдийг гаргаж оронд нь цагаан будаа, нэхмэлийн зүйлс, чий будаг зэргийг Вэй улсаас авах замаар худалдаа эдийн засгийн харилцаагаа хөгжүүлж байсан нь Хятадын бусад хаант улсуудын дургүйцэлийг ихэд төрүүлж дайн байлдааны шалтаг болдог байсан гэдэг.

Жужааны дараа Түрэгүүд хүчирхэгжин гарч ирсэн ба тэд хөрш оронтой найрамдалт харилцаа тогтоож, гүнжүүдээ өөр хоорондоо өгч авалцан цусан төрлийн барилдлага үүсгэх зэргээр худалдааны тааламжит харилцаа тогтоож байв. Түрэгүүд анх удаа Төв Азид дуудлага үсэг зохиож хэрэглэж байсан нь тухайн үедээ худалдаа арилжаанд данс тооцоог хийхэд ахиц болжээ.

Хятадын түүхчид Монголчуудыг 588, 624, 730 онуудад маш том худалдааны зах үээл нээж байсан хэмээн бичсэн байдаг. Тэрчлэн Монгол баян худалдаачид Тан улсын нийслэл Чань-Ань болон бусад хотуудад сууж ихэд хөлжин хятадуудад мөнгө зээлдүүлэн хүүлдэг байсан ажээ. Энэ үед Түрэг, Хятадын худалдаа ихээхэн сэргэж хилийн захаа нээн арилжаа наймаагаа асар ихээр хийдэг байжээ.

Түрэгийн дараа Уйгарууд хүчирхэгжин улмаар Тан улстай хийх худалдааны эрхийг олж нэг агт бүрийг 40 хуй торгоор бодож жил бүр 100000 агт гаргаж 4000000 хуй торго авч байжээ. Баруун газрын торгоны замын нэг хэсгийг Түвдүүд эзэмших болсоноор баруун газрын худалдаачид Уйгарын эзэмшил торгоны замаар явахдаа үлэмж хэмжээний татвар төлж Хятадын нутагт очин худалдаа арилжаа хийдэг байсан байна.

Уйгарын дараах Киданы үед худалдаа арилжаа ихээхэн дэлгэрч худалдааны хуулийг гаргажээ. Аливаа худалдааг нэг нутаг аймгаас нөгөөд гаргах болон гадаад улсуудад бараа гаргахад гааль хураадаг байжээ. Гааль нь давс, архи, гадаадад гарах бараа таваарын арилжааных гэсэн 3 төрлөөр хураагддаг байж. Кидан гүрэнийг Сартуул, Персийн худалдааны арилжааны технологийг Хятадад түгээхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хэмээн үздэг байна.


(үргэлжлэл бий ...)

0 comments: