April 06, 2008

Монгол Улсын эдийн засгийн 2007 оны байдал

1. Эдийн засгийн өсөлт, ДНБ-ний хэмжээ

Эдийн засгийн бодит өсөлт урьдчилсан гүйцэтгэлээр 2007 оны эцэст 9.9 хувь болсон нь 2006 оныхоос 1.3 пунктээр илүү байна. Малын тоо толгой 40.3 саяд хүрч өссөн нь эдийн засгийн өсөлтөд чухал түлхэц болов. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, өрсөлдөөн нь нэмэгдэж, бүтээгдэхүүнийх нь үнэ ханш буурч байгаа холбооны салбар 2007 оны эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулжээ. 2007 онд газрын тосны олборлолт эрс нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтөд багагүй хувь нэмэр оруулав. Гадаад зах зээл дээр манай улсын гол нэрийн экспортын бүтээгдэхүүний үнэ өндөр хэвээр байсан болон дотоодод хэрэглээний барааны үнийн өсөлт харьцангуй өндөр байснаас ДНБ-ий дефляторын өөрчлөлт 11.6 хувь болж, ДНБ-ий хэмжээ оны үнээр 4557.5 тэрбум төгрөгт хүрлээ. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 1478 ам.доллар болж, 2006 оныхоос 21 хувиар өслөө. 2007 онд боловсруулах аж үйлдвэрлэлийн салбарын бодит өсөлт 32.3 хувь болсон нь хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон төмөрлөгийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өсөлтөөс голлон шалтгаалж байна. Өнгөрсөн хоёр жилийн эдийн засгийн өсөлтөд гол хувь нэмэр оруулсан 10 салбарыг авч үзвэл 2007 оны хувьд 2006 оныхтой ойролцоо байна. Харин 2006 онд эдийн засгийн өсөлтөд багагүй хувь нэмэр оруулж байсан газар тариалан, металлын хүдэр олборлолт, нэхмэлийн үйлдвэрлэлийн хэмжээ багасч оронд нь хүнсний үйлдвэрлэл, барилга, банк, санхүүгийн салбар нэмэгдсэн байна.

2. Улсын нэгдсэн төсөв
Улсын
нэгдсэн төсвийн орлого, тусламжийн дүн 2007 оны эцэст 1851.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 40.6 хувьтай тэнцэх хэмжээнд хүрлээ. 2007 оны эхнээс хэрэгжүүлж эхэлсэн татварын шинэчлэлийн нөлөөгөөр хувь хүний болон аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татваруудын ДНБ-д харьцуулсан хувь буурсан байна. Харин зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар болон татварын бус орлого үүн дотроо ногдол ашгийн орлогын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 2007 онд зэсийн үнэ гадаад зах зээлд өндөр байсантай холбоотойгоор өсчээ. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2007 оны эцэст 1749.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 38.4 хувь болжээ.2007 онд ДНБ-д эзлэх бараа, үйлчилгээний зардалын хэмжээ буурсан бол хөрөнгө оруулалт, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн зардал буюу урсгал шилжүүлгийн ДНБ-д эзлэх хувь өссөн байна. 2007 онд Засгийн газраас төсвийн байгууллагад ажиллагсдын цалин болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 удаа нэмэгдүүлж төрийн албан хаагчдийн дундаж цалинг 250 мянган төгрөгт хүргэлээ. Мөн иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн дундаж хэмжээг 2007 онд 70.6 хувиар нэмэгдүүлж, хүүхдийн хөгжлийн мөнгө хөтөлбөрт бүх хүүхдийг хамруулж бүрэн хэрэгжүүлж эхэлсэн нь урсгал шилжүүлгийн ДНБ-нд эзлэх хувь нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Засгийн газраас 2007 оныг Их бүтээн байгуулалт, ажлын байр нэмэгдүүлэх жил болгон зарлаж хөрөнгийн зардлын хэмжээг 2006 оныхоос 110 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэв. Нэгдсэн төсвийн нийт тэнцэл 2007 онд 102 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.2 хувь, урсгал тэнцэл 482.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 10.6 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай гарлаа.
/үргэлжлэл бий/

0 comments: